Авто засварын газрууд тос, масло шатаасан зөрчлүүдийг илрүүлжээ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтнууд энэ оны 12 дугаар сарын 10-26-ны өдрийг хүртэлх хугацаанд гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлжээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19, 21, Баянзүрх дүүргийн 21, Сонгинохайрхан дүүргийн 32, 8, Налайх дүүргийн 1, 3, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд нийт 52.6 тн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 9 дүгээр гудамж 32 тоотод байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан, Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо хувьсгалчдын 4 гудамж 102б тоот нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос (масло) түлсэн гэх зөрчлийг тус тус илрүүлэн, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулж байна. 

Мөн Улаанбаатар хотоос орон нутаг руу иргэн Н, Д нар нь хууль, журам зөрчиж, 23 шуудай сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ тооцжээ.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрсийг бусдаас худалдан авах, зарж борлуулах, түлж, хадгалахгүй байх, шахмал түлшийг тухайн бүсээс зөвшөөрөлгүйгээр гаргахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ