Ирэх долоо хоногийн баасан гаргаас ихэнх нутгаар цочир хүйтэрч, цас орно гэдгийг анхааруулж байна
Энэ сарын 09 /2025.01.09/-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 10-нд нутгийн төв хэсгээр, энэ сарын 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Тодруулбал, өнөөдөр /2025.01.03/-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, маргааш буюу энэ сарын 04-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 07-нд Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 08-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, энэ сарын 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хэсгээр хэсгээр цас орно.
Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, энэ сарын 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28....-33 градус, өдөртөө -18....-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Улаанбаатарт энэ сарын 07-нд ялимгүй цас, энэ сарын 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Хугацааны эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -24...-29 градус, бусад хэсгээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 10-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29...-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ