Цаг агаар: Нэгдүгээр сарын сүүлээр хүйтний эрч чангарч, дунджаас хүйтэн байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас бэлтгэсэн 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг хүргэж байна.
2025 оны нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх хэдий ч хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дунджаас 3–8°С хүйтэн байх төлөвтэй байна. Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн хур тунадас Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах боловч шөнөдөө хүйтэн жиндүү байдал хэвээр хадгалагдана. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч нилээд чангарч ОЖД-аас 3–6°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булганы нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн жиндүү байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын темератур өдөртөө уярах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа бөгөөд ихэнх нутгаар ОЖД аас 3-6°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 2-5°С хүйтэн, бусад хугацаанд ОЖД-ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч ихэнх нутгаар ОЖД-аас 2-5°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бага зэрэг цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ