Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн баярын хурлыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, үе үеийн банкирууд аа, ноёд, хатагтай нар аа,

Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжин бэхэжсэний 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Энэ түүхэн ойн өдөр үе үеийн бодлого боловсруулагчид, банкирууд, банкны салбарын хөгжилд гар бие оролцсон манлайлагчид хуран цуглаж, хамтдаа бүтээсэн ололт, амжилтаа бахархан ярилцаж, дурсамжаа хуваалцан баяраа тэмдэглэж байгаад баяртай байна. Нэгэн зууны ойн баяраа хамтдаа тэмдэглэж байгаа бид бүгд хувьтай хүмүүс хэмээн бэлгэшээж байгаагаа Та бүхэнтэй хуваалцъя.  

Монголчууд бид төлбөрийн хэрэгсэл, санхүүгийн харилцааны өнө эртний түүхтэй билээ. Манай эриний өмнөх III зуунд, төв Азийн нүүдэлчдийн байгуулсан анхны хүчирхэг эзэнт гүрэн болох Хүннү, түүний дараах Түрэг, Уйгурын үеэс зоосон мөнгө цутгаж, худалдаа, арилжаанд хэрэглэж байсан түүхэн баримтууд бий.

Чингис хаан, түүний залгамжлагчид Монголын их эзэнт гүрнийг байгуулж, II мянганы дэлхийн дэг журам, хөгжлийг тодорхойлж, өрнө-дорны хооронд худалдаа, харилцааны эхлэлийг тавьсан. Монголчууд алт, мөнгө, хүрэл зоос, цаасан мөнгөн тэмдэгтийг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгөний түүхэн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Хубилай хаан 1260 онд гүйлгээнд байгаа зоос, төлбөрийн хэрэгслийг орлуулах зорилгоор торго, мөнгөн баталгаатай шинэ цаасан мөнгийг гүйлгээнд анх гаргасан. Улмаар 1271 онд Их Монгол Улсын нэрийг өөрчилж, Монголын Их Юань улсыг байгуулснаар “мөнгөн баталгаа”-тай цаасан мөнгийг албан ёсны цор ганц мөнгөн тэмдэгт хэмээн зарлаж байжээ. Ийнхүү Юань гүрний үед үнэт металлын баталгаатай цаасан мөнгөн тэмдэгтийг анх удаа гаргаж, гүйлгээний хэрэгсэл болгон ашиглажээ. Эндээс харахад Английн фунтыг мөнгө, алттай уяж, Герман маркийг алтан баталгаатай болгож, “олон улсын сонгодог алтан стандарт” тогтож, Бреттон Вудсийн систем бий болохоос даруй 600 жилийн өмнө бидний өвөг дээдэс үнэт металлын баталгаатай цаасан мөнгийг гаргаж байжээ. Үүгээрээ бид бахархах учиртай.

Монголын Их Юань гүрэн нь “мөнгөн баталгаа”-наас 1310 оноос бүрэн татгалзсанаар “фиат” мөнгө (төрөөс албан ёсны төлбөрийн хэрэгсэл гэж зарласан боловч, үнэт металлаар ​​баталгааждаггүй мөнгөн тэмдэгт)-ийг ашиглах болсон анхны төрт улс байв. Энэ үйл явдал нь 1661 онд Европт анхны фиат мөнгө гаргасан, 1668 онд Шведийн Риксбанк дэлхийн анхны төв банк болж байгуулагдаж байснаас даруй 400 орчим жилийн өмнөх үйл явдал юм. Эдгээр түүхэн баримт бол Монголчууд бидний өвөг дээдэс дэлхийн мөнгө, санхүүгийн түүхэнд тод мөр үлдээснийг илтгэнэ.

Монголчуудын мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгслийн баялаг уламжлал нь эзэнт гүрний задрал, Манж Чин улсын нөлөөнд байсан он жилүүдд бүдгэрсэн. Манж Чин, Хятад улсын худалдаа Монголд эхний үедээ таваар солилцох замаар хийгдэж байснаа, XIX зууны сүүл XX зууны эхээр хятад зоосон мөнгө ашиглах болжээ. Үүнээс гадна, бусад улсын мөнгө, бараа, таваар төлбөрийн хэрэгслээр ашиглагдаж байв.

Богд хаант Монгол Улсын үеэс өөрийн үндэсний банк байгуулах, үндэсний мөнгөн тэмдэг гаргах хэрэгцээ, шаардлага байгааг сайтар ойлгож, энэ талаар тодорхой алхмыг хийж байжээ. Манж, Хятадын захиргаанд байх үед нийт 5 гадны банк Монгол Улсад байгуулагджээ. Орос, Хятадын банк байгуулагдан зах зээлд нэвтрэх, эмиссийн эрх авах, мөнгө хүүлэх зэргээр Монголын зах зээлд монополь эрх эдлэхийг зорьж байв. Монголд үндэсний хувь оролцоотой банк байгуулагдах хүртэл Хаант Оросын банкны салбар хоёр удаа, Хятадын банкны салбар гурван удаа байгуулагдан ажиллаж байжээ.

Ийнхүү гадаад санхүүгийн эх үүсвэр байсан хэдий ч, үндэсний мөнгөн тэмдэгт, мөнгө, зээлийн систем хөгжүүлж чадахгүй явсаар 1921 оны Ардын хувьсгалтай золгожээ. Энэ үед мөнгөн гүйлгээ эмх замбараагүй, олон валютаар хийгддэг, зээл олгох, төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагааг хариуцан явуулах байгууллага байхгүй, мөнгө хүүлэлт газар авч байв. Ардын хувьсгалын дараа эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд шинэчлэл, өөрчлөлтийн олон чухал үйл явц өрнөсний нэг нь банкны салбарын үүсэл тавигдсан явдал юм.

Монгол Улсын Засгийн газрын 1922 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк буюу Монголбанкийг 1924 оны 6 дугаар сарын 2-ний өдөр Нийслэл хүрээнд байгуулжээ. Тухайн үед 250’000 алтан рублийн дүрмийн сантай байгуулагдаж байв. Ингэснээр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэн бэхжих, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг түүчээлэх үндэс суурь тавигдсан.

Засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэл явуулах тухай тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг “төгрөг” гэж нэрлэж, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрхийг Монголбанкинд олгосон. Ингэснээр 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гүйлгээнд гаргасан түүхтэй. 1927 онд хуралдсан БНМАУ-ын IV Их хурлаас улсын цаасан төгрөгийг “алтан баталгаа”-тай болгож, үнэ ханшийг тогтвортой байлгах шийдвэр гарсны дагуу Монголбанкинд хуримтлагдсан улсын алт болон валютын нөөцөд түшиглэн 1928 оны 4 дүгээр сарын 15-наас төгрөгийг “алтан баталгаа”-нд шилжүүлжээ. 1928 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гэхэд төгрөг албан ёсны “алтан баталгаа”-нд орж, нэг төгрөг 51.8 америк центтэй тэнцэх болжээ. Мөнгөний шинэчлэл амжилттай хийснээр мөнгөн эргэлтийн эмх замбараагүй байдал, олон төрлийн мөнгөний гүйлгээг зогсоож чадсан байна.

Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банк буюу Монголбанк 1924-1954 оны хооронд мөнгөн гүйлгээ, зээл, тооцоо, касс, санхүүжилтийг бүхэлд нь хамарсан үндэсний мөнгө, зээлийн системийн нэгдсэн төв болж, боловсон хүчин нь бэхжиж, бүх аймаг, хот, суурин газарт өөрийн салбартай буюу 23 банкны салбар, 16 мөнгөний касстай болж өргөжөөд байв. Монголбанк нь худалдаа, улс ардын аж ахуйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, мөнгөн хөрөнгийн нөөцийг хуримтлуулж, аж ахуйг санхүүжүүлэх, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, хөрөнгийг арвилан хэмнэх, бэлэн мөнгөний гүйлгээг зөв зохицуулах, мөнгөний эргэлтийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. 

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,  

Монголын банкны тогтолцоо арвин баялаг түүхтэй. Энэ сайхан баярын өдөр түүхээр зурвас аялж, ахмад банкируудынхаа манлайлан хийж бүтээсэн, ололт амжилтыг онцлохыг хүсэж байна.

1954 онд Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-аас Худалдаа ба аж үйлдвэрийн банкинд оруулсан өөрийн хувь хөрөнгөө Монголын талд шилжүүлэн өгснөөр тус банк БНМАУ-ын Засгийн газрын мэдэлд бүрэн шилжсэн. Улмаар 1954 оны 4 дүгээр сарын 12-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банкийг өөрчлөн зохион байгуулж, “БНМАУ-ын Банк” гэж нэрлэхээр тогтож, Улсын банкны дүрмийг баталжээ. Улсын Банкны Ерөнхий Хороо нь Засгийн газрын харьяанд ажиллаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт зохицсон нэгдмэл удирдлагатай, төвлөрсөн зохицуулалттай банкны нэг шатлалт банкны систем бүрэлдэн тогтсон билээ. Социализмын он жилүүдэд Улс Ардын Аж Ахуй (УААА), соёлыг хөгжүүлэх 3, 5 жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хувьсгалыг санхүүжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон өөрчлөлт авч ирэхэд Улсын банк, түүний төлбөр тооцоо, санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг энд онцлон хэлье.

Монгол Улсад 1990 оноос ардчилал, шинэчлэл гарч, зах зээлийн эдийн засагт шилжихэд санхүүгийн салбарын шинэчлэл давхар хийгдсэн. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 422 дугаар тогтоолоор “Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм”-ийг батлан гаргасан. Энэ хүрээнд Улсын банкны дотоод бүтцэд байсан зарим газар, нэгжийг тэнцэл тусгаарлах замаар бие даасан арилжааны банк болгон өөрчилсөн. Хувийн хөрөнгө оруулалттай банкууд ч олноор байгуулагдаж эхэлсэн билээ.

Улсын Бага Хурлаас Банкны хуулийг 1991 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар батламжаар батламжилжээ. Ийнхүү “Банкны хууль”-ийг 1991 оны 5 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр Монгол Улсад төв банк болон арилжааны банкнаас бүрдэх банкны хоёр шатлалт тогтолцоо үүсэж, хөгжих эрх зүйн болон зохион байгуулалтын үндэс тавигдсан. Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилт бүхий төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, эмиссийн үйл ажиллагаа явуулах, арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих, улсын валютын нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх, үүргийг Монголбанк (төв банк)-нд ногдуулж, арилжааны банкууд бие даасан үйл ажиллагаа явуулах болсон.

 Улсын Бага Хурлаас төв банкны анхны ерөнхийлөгчийг 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдөр томилж, Монголбанкийг Улсын банкны суурин дээр байгуулж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 1991 оны 6 дугаар сарын 4-ний тушаалаар Төв банкны анхны бүтэц, зохион байгуулалтыг баталсан түүхтэй. Харин мөн оны 6 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы хуралдаанаас Улсын Бага Хурлын даргад “Монголбанкны Түр дүрэм”-ийг батлах эрх олгож, улмаар 6 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр захирамжаар баталж байв.

Өнөөдөр банкны хоёр шатлалт тогтолцоо олон улсын түвшинд хүрч хөгжиж, гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэж, улс орны бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Монголбанк байгуулагдсан цагаас эхлэн банк, санхүүгийн системийг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийг олон улсын стандартад нийцүүлэн гаргах, гадаад валютын улсын нөөцийг удирдах, төлбөр тооцооны системийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр улс орны хөгжилд эерэг өөрчлөлтийг бий болгож байна. Монголбанк анх байгуулагдах үед 22 ажилтантай, нийслэл хүрээнд төвтэй, Алтанбулагт салбартай байсан бол, 2023 оны эцсийн байдлаар банкны салбар 16459 ажилтан, 303 салбар, 1019 тооцооны төв, 51 валют солих цэг, 5 төлөөлөгчийн газартайгаар санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна.

Та бид мэдэж байгаачлан, Монголын банкны салбар түүхэн 100 жилийнхээ туршид олон том сорилтыг амжилттай даван туулж, олон улсын жишигт хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй, улс орны хөгжлийг түүчээлэгч манлай салбар болтлоо бэхжиж ирлээ. Банкны тогтолцоо өнөөгийн түвшинд хүрч хөгжихөд үе үеийн хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид, банкирууд, гар бие оролцож ирсэн хүндтэй эрхмүүд Та бүхний үүрэг, оролцоо, хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Банкны салбар цааш улам батжин хөгжихийн тулд ирээдүйн сорилт, даалгаварыг ч урьдчилан төсөөлж, дэлхийн чиг хандлага, стандарт, зарчмаас хоцрохгүй, харин түрүүлж алхах ёстой болж байна. Дэлхийн эдийн засаг, нийгмийн амьдралд олон шинэ өөрчлөлт гарч, үүнийг даган сорилтууд ч тулгарах боллоо. Тухайлбал, геополитикийн нөхцөл байдал улам хурцдаж, аж үйлдвэр, техник технологийн хувьсгалууд шил шилээ даран гарч, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нэмэгдэх, тэгш бус байдал өсөх, хүн амын насжилт нэмэгдэх, худалдааны, технологийн “дайн”, эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээний цар хүрээ тэлэх зэрэг төлөв хүлээгдэж байна. Үүнээс гадна, ногоон хөгжлийг түүчээлсэн ногоон, тогтвортой санхүүжилт, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хил хязгаар, орон зайнаас үл хамаарсан цахим мөнгө, цахим нео банкны шинэ эрин үе ирж байна. Энэ хувьсал, өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах, улс орныхоо эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах хүндтэй үүрэг, хариуцлага Та бидний өмнө мөн тавигдаж байна.

Монгол Улсын банкны салбар, Монголбанк сүүлийн 4 жил гаруйн хугацаанд томоохон сорилтуудыг амжилттай даван тууллаа. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орны жагсаалт (“саарал жагсаалт”)-аас шуурхай гарахаас эхлээд КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн хүндрэлийг хохирол багатай давж гарах, гадаад өр, төлбөрийн хүндрэлээс сэргийлэх, эдийн засгийг сэргээн тогтворжуулах, банкны салбарт реформ хийх зэрэг олон сорилтыг амжилттай даван туулж, үр дүнд хүрч ирлээ.

Банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэн түүхэн 100 жилийн ойгоо ийнхүү амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байгаадаа баяртай байна. Эдгээрээс таван үр дүнг онцолъё.

Нэг. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж, 2020 оны 5 дугаар сард амжилттай дуусгавар болголоо. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд богино хугацааны гадаад өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэж, төсвийн сахилга батыг сахиулж, төсвийн шинжтэй үйл ажиллагааг зогсоож, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлснээр эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангаж, эдийн засгийг богино хугацаанд сэргээж чадсан. Банкны салбарын эрсдэл даах чадварыг сайжруулж, “Активын чанарын үнэлгээ”-г олон улсын стандартаар амжилттай хийж, олон улсад мөрдөгдөж буй банкны хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг нутагшуулсан зэрэг олон ололт, эерэг өөрчлөлт бий болсон.

Хоёр. Монгол Улс 2019 оны сүүл гэхэд ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д ороод байсан тул Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, түүний дэргэдэх Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд 2020 онд ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлж, эрчимтэй хамтран ажилласан. Монгол Улс ФАТФ-ын зөвлөмж, даалгаврыг шуурхай, амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2020 оны 10 дугаар сарын ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар түүхэндээ хамгийн богино хугацаанд буюу 1 жилийн дотор үүргээ биелүүлж, “Саарал жагсаалт”-аас гарсан орон болов. Монгол Улс 2020-2024 онд ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг хэрэгжилтийг жил бүр тайлагнан, үнэлгээгээ ахиулж, 2023 онд 40 зөвлөмжийг бүрэн хангасан Ази, Номхон далайн орнуудын анхны орон, дэлхийд тав дахь орон болж чадсан.

Гурав. КОВИД-19 цар тахал, Орос-Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг бид хамтдаа амжилттай даван туулж, эдийн засгаа богино хугацаанд сэргээн тогтворжуулж чадлаа. Монголбанкнаас цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэн, урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлж, Засгийн газраас банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд дэмжлэг үзүүлсний зэрэгцээ хэрэглээний, бизнесийн, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, банкууд хөрвөх чадварын эрсдэлд орохоос сэргийлэх, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын багц арга хэмжээг шат дараатай, шуурхай авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эдийн засаг, санхүүгийн зах зээл сэргэж, цаашын тогтвортой өсөлт, хөгжлийн суурь бүрдээд байна. Тухайлбал, цар тахлын үед буюу 2020 онд эдийн засаг 4.6 хувиар унаж байсан бол, үүнээс хойш тогтвортой өсөж, сэргэсээр 2023 онд 7 хувийн, энэ оны эхний улирлын байдлаар 7.8 хувийн өсөлттэй гараад байна. Геополитикийн хурцадмал байдал эхэлсний дараа буюу 2022 оны 6 дугаар сард 16.1 хувьд хүрч байсан инфляц энэ оны 5 дугаар сард 5.6 хувь болж бууран, Монголбанкны инфляцын зорилтот интервалд орж, тогтворжоод байна. 2020-2021 онд 12 хувь хүрээд байсан чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь энэ оны 5 дугаар сарын байдлаар 6.3 хувь болж буурлаа. Цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй хүндрэлийн он жилүүдэд дотоод, гадаад төлбөр тооцоо тасралтгүй хэвийн үргэлжилж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ нэр төртэй амжилттай хэрэгжүүлж, төрөөс хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээг дэмжин хамтран ажилласнаар өнөөдрийн энэ сэргэлт, үр дүн гарсан гэдгийг энд онцлон хэлмээр байна.

Дөрөв. Гадаад өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж, валютын улсын нөөц  (ГВУН) анх удаа 5 тэрбум ам.долларын босго давсан. Импортын өсөлтийг саарахад чиглэсэн арга хэмжээ, экспортын орлогын өсөлтөөс шалтгаалж 2023 онд урсгал тэнцэл сүүлийн 16 жилд анх удаагаа ашигтай гарсан. Энэ оны эхний 5 сард ч төлбөрийн тэнцэл эерэг гарч, ГВУН 5.2 тэрбум ам.долларт буюу импортын 6.5 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч нэмэгдээд байна. ГВУН ийнхүү өсөж, өндөр түвшинд хадгалагдахад гадаад худалдааны ашгаас гадна, арилжааны банкууд ногоон санхүүжилт татах, гадаад зах зээлд бонд гаргах хэлбэрээр өндөр дүнтэй эх үүсвэр амжилттай татан төвлөрүүлсэн нь нөлөөлөв. Гадаад валютын орох урсгал сайн байж, ГВУН нөөц нэмэгдсэнээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж ирлээ. Монголбанк Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, Төв банкны хүүгийн зардал, алдагдлыг бууруулах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын Ардын Банк (ХАБ)-тай байгуулсан своп хэлцлийн өр төлбөрөөс 2023 онд 1.5 тэрбум (207 сая ам.доллар), 2024 оны эхний 6 сард 4.5 тэрбум юань (620 сая ам.доллар)-ийн эргэн төлөлтийг тус тус гүйцэтгэлээ. Ингэснээр 2012-2016 онд хуримтлагдаад байсан төв банкны гадаад өрийн хэмжээг сүүлийн 2 жилд 2 дахин бууруулж чадлаа. Түүнчлэн, Монголбанк 2023 онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 300 орчим сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны евро бондын эргэн төлөлтөд 500 сая ам.доллар, Самурай бондын эргэн төлөлтөд 30 тэрбум иен төлснөөр нийлбэр дүнгээр 1.0 тэрбум ам.долларын үндсэн болон хүүний төлбөрийг ГВУН-ийн удирдлагын хүрээнд амжилттай хийж гүйцэтгэсэн. Эдгээр том дүнтэй гадаад өр, зээлийг төлсний дараа ч, ГВУН өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь эдийн засгийн сэргэлтийг боломж болгон ашиглах бодлогын үр дүн юм.

Тав. УИХ, санхүүгийн зохицуулагч байгууллагууд, банкууд бид хамтдаа 2020-2024 онд банкны салбарт томоохон шинэчлэл хийж чадсан. Монголбанк 2020 онд “Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахим банкны тогтолцоог бий болгох банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилт нь “Банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, банкны үйл ажиллагааны зохистой засаглалыг сайжруулан ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай банкны тогтолцоог бий болгох” явдал байсан. Энэ хүрээнд банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинчлэлийг үргэлжлүүлж, системийн нөлөө бүхий банкуудыг хувьцаат компани болгох, нэг хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувь байхaaр тогтоож, олон хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчтай болгох шинэчлэл хэрэгжиж эхэлсэн. Банкны тухай хуульд 2021 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажил 2022-2023 онд амжилттай хэрэгжсэн. Тухайлбал, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк, Богд банк компанийн хэлбэрээ нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, нийтэд анх удаа хувьцаагаа санал болгон худалдаалсан. Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 478.5 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлж, банкны хувьцаа эзэмшигчид 73 гаруй мянгад хүрснээр эдгээр банкууд олон нийтийн нээлттэй компани болсон. Харин бусад банкууд компаний хэлбэрээ өөрчлөн хаалттай хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Ийнхүү системд нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болж, олон нийтээс 4-5 банк шинээр байгуулах хэмжээний эх үүсвэр бүрдүүлж чадсан.  

Эдгээр амжилт, бүтээл бол Монголбанк, банкны салбарт ажиллаж, хөдөлмөрлөж буй бүх хүний хичээл, зүтгэлийн хамтын үр шим юм. Иймд Та бүгдээрээ бахархаж, талархаж буйг минь хүлээн авна уу.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улсын эдийн засаг, банкны салбарын хөгжлийн ирээдүй гэрэлтэй байна. Цаашид Монголбанк эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлын бат бэх суурийг бэхжүүлэх, глобал эдийн засагт тулгарч буй сорилт, өөрчлөлтөд дархлаатай болгохоос гадна, гадаадын банкны бие даасан салбар, нэгж орж ирэхэд бодлого, зохицуулалтын дэмжлэг үзүүлэх, дотоодын санхүүгийн гүнзгийрэлтийг сайжруулах, банкны салбарын хяналт, зохицуулалтын олон улсын стандарт, зарчмыг бүрэн нутагшуулах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг тооцох аргачлалыг нэвтрүүлж, холбогдох эрсдэлийг тэнцэлд тусгадаг болох, төв банк, банкны салбарын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн реформ, бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэхэд төвлөрч ажиллах болно.

Банкны салбарын хувьд өнгөрсөн 100 жил “Хамтдаа бэхжсэн зуун” байсан бол, дараагийн зуун бол “Үсрэнгүй хөгжлийн зуун” байх учиртай. Бидний хүсэл, зорилго тодорхой, мэдлэг, туршлага бүрдсэн тул тул хамтран нэгдэж чадсанаар зорьсон зүйлдээ саадгүй, хурдан хүрч чадна гэдэгт итгэл төгс байна.   

Монгол Улсын банкны тогтолцооны хөгжлийг түүчээлсэн, түүхийг бүтээлцсэн эрхмүүд, үе үеийн банкирууд Та бүхэнд дахин талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай!

Монгол Улсын банкны салбар зуунаас зуунд, мянганаас мянганд улам төгөлдөржин батжин хөгжих болтугай!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ