Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөл хуралдав
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн асуудал, тэр дундаа Чөлөөт бүс, Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг эрчимжүүлэх асуудал чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үүнийг эрхлэн хариуцахаар болсон.
Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Хамтарсан зохицуулах зөвлөлийн Монголын талын бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2022 оны 280 дугаар тогтоолоор баталсан юм. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан энэ оны есдүгээр сарын 10-нд Гадаад харилцааны сайдын тушаалаар Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Тус бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагийн нийт 30 гаруй удирдах албан тушаалтан ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 11-нд шинэчилсэн бүрэлдэхүүний хурлыг зохион байгуулав.
Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил шинэчилсэн бүрэлдэхүүнийг танилцуулж хурлын үйл ажиллагааг эхлүүлэв. Энэхүү хуралдаанаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Ц.Ганбат гишүүдэд Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Гишүүд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтын ажиллагааны бүсийн монголын талын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах, хил дамнасан авто замын байгууламжаар холбох, улсын хилийн огтлон гарах цэгийн байршлыг тохирох, бүсийг хөгжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцов.
Хурлын төгсгөлд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүсэд тулгамдаж буй асуудлыг харьяа яамд хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн монголын талын бүрэлдэхүүнд орсон төлөөллүүдийг өөрсдийн салбар чиглэлийн хүрээнд зөвлөгөө өгөх, өгөгдсөн асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг тус тус өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ