Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд зорчихдоо мөнгө төлнө
Орон нутгийн дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй иргэн Улаанбаатарт зорчихдоо хураамж өгөх, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захирамж өнгөрсөн хоёрдугаар сард гарчээ. Тодруулбал, тухайн тээврийн хэрэгсэлтэй иргэн нийслэлд 48 цагийн хугацаанд зорчих бол 1000 төгрөг төлнө, харин 48 цагаас дээш хугацаагаар зорчсон тохиолдолд хоног тутамд 5000 төгрөгийн хураамж төлөх ажээ. Уг захирамж есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна.
Улаанбаатар хот руу хөдөлгөөний эрчим бага үед өдөрт дунджаар 16 мянга орчим, хөдөлгөөн ихтэй үед 19 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг аж.
Хуримтлагдсан мөнгийг "Замын санд" оруулж нийслэлийн зам засварын ажилд зарцуулна гэдгийг албаныхан хэлэв. Мөн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, тухайн тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо таван хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан тодотгож байна. Уг шийдвэр нь Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ