СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онлайнаар ажил хийхээр танихгүй хүнд 33 сая төгрөгөө залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногийн хугацаанд /2024.08.05-08.11-ний өдрүүдэд/ иргэд, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт 632 бүртгэгдсэнээс 45 нь залилах гэмт хэргийн талаар байх бөгөөд иргэдэд нийт 280 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна.
Бүртгэгдсэн залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь ангилан авч үзвэл:
- “Мөнгө зээлээч гэсэн чат ирсний дагуу мөнгө шилжүүлж залилуулсан”-10
- Телеграм болон фэйсбүүк хуудсанд цагийн ажил хийлгэнэ, даалгавар биелүүлж мөнгө өсгөнө” гэх зарын дагуу холбогдож залилуулсан-15
- Онлайнаар бараа, бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор төлбөр шилжүүлж залилуулсан-8
- Бусад-12 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал:
- Өмнөговь аймагт, Телеграмаар онлайн ажил хийхээр үл таних хүнтэй холбогдон нийт 33.000.000 сая төгрөг шилжүүлж залилуулсан,
- Хөвсгөл аймагт, Телеграм цахим хаягаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан онлайнаар ажиллах ажлын зарын дагуу урьдчилгаа 13.445.700 төгрөг шилжүүлэн залилуулсан,
- Чингэлтэй дүүрэгт, Телеграмм хаягаас гэрээсээ цахимаар ажил хийж орлоготой болох уу? Гэсэн зарын дагуу 9 удаагийн гүйлгээгээр 14.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан
- Үеэлийн ..... гэх хаягаас 2.500.000 төгрөг зээлээч гэсний дагуу шилжүүлж залилуулсан
- Цахим зараар бараа захиалах гээд 3 удаагийн гүйлгээгээр 4.200.000 төгрөг шилжүүлээд залилуулсан
- “Онлайн ажил хийгээд мөнгөө өсгөөрэй” гэх зарын дагуу “NOONSMALL.VIP” гэх цахим хаягаас бараа захиалж бонус авах зорилгоор хэд хэдэн данс руу 13 удаагийн гүйлгээгээр нийт 5 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна.
Энэ оны эхний 7 сарын байдлаар Залилах гэмт хэрэг 7063 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар буурсан хэдий ч уг гэмт хэргийн улмаас иргэдэд 209 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Өөрөөр хэлбэл 1500 иргэн дундаж үнэтэй 2-3 өрөө байртай болох, 600 орчим оюутан АНУ-д 4 жилийн хугацаанд боловсрол эзэмших, нийслэл хотод 320 хүүхдийн суудалтай сургууль 38-ыг барих хэмжээний мөнгийг залилагч нар луйвардсан байна.
Залилагч нарын дараагийн БАЙ болохгүйн тулд онлайнаар мөнгө, санхүүтэй холбоотой аливаа зар, үйлчилгээнд итгэхгүй байх, чат мессежийн дагуу мөнгө шилжүүлэхдээ заавал утастаж тодруулах, үл таних хүнд урьдчилгаа, шимтгэл, баталгаажуулах төлбөр зэрэг нэрийдлээр мөнгө шилжүүлэхгүй байх, өөрийн банк, зээлийн апликейшн зэргийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ