Үерт урссан орон нутгийн замуудыг засч байна

Ойрын өдрүүдэд бороо, үер уснаас үүдэлтэй замын эвдрэл гэмтэл их гарч байгаатай холбогдуулан орон нутгийн замд зорчих иргэд, жолооч тээвэрчдэд зарим зам засвар арчлалтын талаарх мэдээллийг хүргэж байна.

Тодруулбал, А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 104-106 км-т үерийн улмаас угаагдаж, урссан хөвөөг засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал А0601 дугаартай Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 345-365км, А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 0-1км замд үерийн улмаас үүссэн эвдрэлийг сэргээн засварлах, шуудуу сэргээх, хоолой цэвэрлэх, тохиромжгүй материалыг зайлуулах, урьдчилан сэргийлэн уулын шуудуу татах ажилд “Хархорин АЗЗА "ТӨХК хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Мөн А0101-А0102 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам 257-258 км-т далан хөвөөг үечлэн засварлаж авто замын хөдөлгөөнийг нээсэн байна. Замын 242 км-т үерт урссан далан хөвөөг үечлэн засварлаж буй “Поларис Рөүд Инженеринг “ХХК энэ ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

Харин Дархан-Эрдэнэт чиглэлийн А1001 дугаартай замд гарсан 55 дахь км, 60-62км-т авто замын хөвөө, шуудууны угаагдсан хэсэгт механизмаар шороон дүүргэлт хийж, засварлаж байна. Энэ ажлыг “Дархан АЗЗА” ТӨХК хийж гүйцэтгэх юм.

Зам Тээврийн Яам /ЗТЯ/, Зам тээврийн хөгжлийн төв болон харьяа аймаг, орон нутгийн зам хариуцагч байгууллагад энэ талаарх санал гомдол иргэдээс цөөнгүй ирдэг бөгөөд зам засварын ажлуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэх, жолооч тээвэрчдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ