Чой Жин Вон: Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, чадавхжуулан хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Чой Жин Вон болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.
Тус уулзалтаар хоёр улсын харилцаа эрүүл мэндийн салбарт өргөжин тэлж байгааг онцлов.
Монгол Улсад эмийн чанар, үнийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаагаа сайд Т.Мөнхсайхан танилцуулж, тус улсын томоохон эм үйлдвэрлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, шууд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
БНСУ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улс орны нэг юм.
Түүнчлэн иргэдийн БНСУ-д эмнэлгийн тусламж үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг чирэгдэл, хүндрэлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төдийгүй эмийн импортыг зохицуулах зорилгоор тус улсад Эрүүл мэндийн төлөөлөгчийн газрыг ажиллуулах саналыг хэлэв.
Элчин сайд Чой Жин Воны зүгээс "Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, чадавхжуулах, БНСУ-аас чанарын шаардлага хангасан эмийг Монгол Улсад нийлүүлэх, эмийн үйлдвэрлэлийн стандартыг нутагшуулах зэргээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ" гэлээ.
Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хэлсэн саналыг ажил хэрэг болгох чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ