ГССҮТ: Могойд хазуулсан гэх дуудлага өдөрт 8-10 бүртгэгдэж байна
Ойрын өдрүүдэд бамбай хоншоорт могой суурьшлын бүсэд үерийн усаар дамжин орж ирсэн тохиолдол гарч байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн мэдээлснээр энэ төрлийн дуудлага өдөрт 8-10 бүртгэгдэж байна. Улаанбаатар хоттой ойрхон зуслангийн бүсийн иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг хурдан үзүүлж байгаа ч хөдөө орон нутагт могойд хатгуулсан хүмүүс тусламж авч чадахгүй удах тохиолдол их байгаа аж.
Хүүхэд хөгшин настай хүмүүст могойн хор илүү хорвуу чанартай богино хугацаанд хурдан хүндрэх тохиолдол гардаг.
Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалах үедээ могой дээр санамсаргүй гишгэх, майханд хонож байхдаа хатгуулсан гэх тохиолдол их байна. Эмч нарын хэлж буйгаар хэрэв могойнд хатгуулсан бол хатгуулсан хэсгээ огт хөдөлгөхгүй, сэтгэл хөдлөлд хэт автаж айж сандралгүй тайван байж тухайн газартаа хамгийн ойрхон байгаа 103 эмнэлэгт дуудлага өгч анхан шатны тусламж авах цаашлаад Улаанбаатар хотын ГССҮТ-д цаг алдалгүй яаралтай очих шаардлагатай гэв.
Бамбай хоншоорт могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул юм уу, хар хүрэн өнгөтэй, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, биеийн хоёр хажуугаар цайвар бараан толботой, хүүхэн хараа нь босоо байдаг. Нүд хамрын хооронд гүнзгий хонхорхойтой тул зэрвэс ажиглахад хамрын ч сүвтэй мэт байдгаараа бусад могойноос ялгаатай.
Суурин газарт могой харсан тохиолдолд нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байхыг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ