Эрхээ хасуулсан ч дахин согтуугаар жолоо барьсан иргэнийг 5 сая төгрөгөөр торгожээ

Иргэн Т  2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр жолоодох эрхээ 1 жилээр хасуулжээ.

Гэвч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаанхуарангийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон.

Тэрбээр “Би согтуугаар авто машин жолоодсондоо харамсан гэмшиж байгаа” гэж мэдүүлсэн байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар иргэн Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Ташрамд мэдээлэхэд Эрүүгийн хуульд “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно" гэж тайлбарлажээ.

ХУУЛИЙН ТАЙЛБАР:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэрэв тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, улмаар зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг гэмт хэргийг хүндрүүлэх шинж гэж тодорхойлсон байна.

Харин иргэн Т-ийг  хувьд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгч торгох ял оноожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ