Дунд гол дагуу 300 метр үерийн хамгаалалтын барилга байгууламж барьжээ
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол дагуу 300 метр үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа.
Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан "Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Энэ хүрээнд Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг 2023 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийнхүү энэ сарын эхээр уг байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барих ажлыг эхлүүлж, өнөөдөр дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна" гэв.
Дашрамд, Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэж байгаа бөгөөд цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ