“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний шилдэг бүтээлүүдийг танилцуулж эхэллээ

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаанаас мэдээлсэн.

 

Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог байна.

Олон улсын энэ жишгийн дагуу Монгол Улсын Засгийн газраас 2024 онд 21 дүгээр тогтоол гаргаж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зарласан юм.

Сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцээд байна. “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг хариуцсан захиргаанаас эдгээр бүтээлийг олон нийтэд танилцуулж санал авахад бэлэн болсон талаар мэдээлсэн. Үүнд:

  • 2024 оны долоодугаар сарын 25-31-ний хооронд цахим орчинд буюу https://www.facebook.com/Kharkhorumcity хуудсаар олон нийтэд танилцуулж санал авах,
  • Мөн 2024 оны долоодугаар сарын 28-31-ний хооронд Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтээс санал авахаар төлөвлөсөн юм. 

Энэ дагуу “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний шилдэг бүтээлүүдийг өнөөдрөөс олон нийтэд танилцуулж эхэллээ.

Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд II шатанд тэнцсэн 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгч, шилдэг архитекторууд оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл тавин танилцуулж шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны наймдугаар сарын 1-нд эцэслэн шалгаруулах юм.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ