"ЕБС-ийн хүүхэд хамгааллын зардалд ₮3.7 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж, хуваарийн дагуу санхүүжүүлж байна"
2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд санхүү, төсвийн өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас танилцууллаа.
Тус газраас өгсөн мэдээллээр
- Багш, ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих зардлыг 2024 оны тавдугаар сард бүрэн санхүүжүүлсэн бөгөөд энэхүү зардалд нийт Ерөнхий Боловсролын Сургууль(ЕБС)-д 3.7 тэрбум төгрөг, нийт Сургуулийн Өмнөх Боловсролын Байгууллага(СӨББ) 1.9 тэрбум төгрөг зарцуулж байна.
- Хичээл, сургалтад ашиглах хичээл практикийн зардлын 50 хувийг 2024 оны эхний хагас жилд зарцуулахаар санхүүжүүлсэн бол үлдсэн 50 хувийг хичээлийн шинэ жилийн өмнө буюу 2024 оны наймдугаар сард санхүүжүүлнэ. Энэхүү зардалд 2024 онд нийт ЕБС-уудад 14.9 тэрбум төгрөг, нийт СӨББ-уудад 8.4 тэрбум төгрөг зарцуулж байна.
- Цэцэрлэгийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх зардлыг 2024 оны дөрөвдүгээр сард бүрэн санхүүжүүлсэн бол сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх зардлын 40 хувийг 2024 оны дөрөвдүгээр сард, үлдэх 60 хувийг 2024 оны есдүгээр сард санхүүжүүлнэ. Энэхүү зардалд 2024 онд нийт ЕБС-уудад 11.2 тэрбум, нийт СӨББ-уудад 1.9 тэрбум төгрөг тус тус зарцуулна.
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн мэдээлэл, технологийн зардлыг сар бүр санхүүжилтийн хуваарийн дагуу санхүүжүүлж байна. Энэхүү зардалд 2024 онд нийт ЕБС-уудад 27.3 тэрбум, нийт СӨББ-уудад 1.3 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөгдсөн.
- Нийт ЕБС-уудын тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардалд 2024 онд 35.3 тэрбум төгрөг, нийт цэцэрлэгийн нөхөн хангалтын зардалд 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан бөгөөд хуваарийн дагуу 2024 оны 5, 6 дугаар сард санхүүжилтийг бүрэн олгоод байна.
- ЕБС-ийн хүүхэд хамгааллын зардалд 3.7 тэрбум төгрөг, анги танхимаас гадуурх сургалтын зардалд 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн бөгөөд хуваарийн дагуу санхүүжүүлж байна.
Монгол Улс 2022 оноос боловсролын салбарыг гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, энэ хүрээнд Боловсролын ерөнхий газар нь боловсролын салбарын санхүү, төсвийн хэвийн, тогтвортой нөхцөл байдлыг ханган ажиллаж байна.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын 681 сургууль, 987 цэцэрлэг, насан туршийн суралцахуйн 29 төв, мэргэжлийн боловсролын сургалтын 31 байгууллагын үйл ажиллагааны урсгал зардлын санхүүжилтийг сар бүрийн 10-ны дотор олгож байгаа юм.
Харин төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 177 сургууль, 398 цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын 32 байгууллагын хувьсах зардлын санхүүжилтийг сар бүрийн 25-ны дотор олгож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ