5000 гаруй шалгуулагч “Монгол хэл, бичгийн шалгалт” дахин өгнө

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох “Монгол хэл, бичгийн шалгалт” 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 10:00-11:40 цагт зохион байгуулагдсан.

Тус шалгалтын дүн 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд гарч Боловсролын үнэлгээний төвийн цахим системд байршсан ч, зарим сурагчдын зүгээс шалгалтын дүнд санал нийлэхгүй гэх асуудал үүссэн. Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр 5300 гаруй сурагч “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан билээ.

Боловсролын үнэлгээний төвийн, элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодруулснаар "Энэ удаагийн “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд нийт шалгуулагчдын 16.2 хувь буюу 5389 сурагч босго оноогоо хангаж чадаагүй байна.

Эдгээр хүүхдүүд наймдугаар сарын 17-нд дахин шалгалтад хамрагдах боломжтой.

Бүх сурагч дахин шалгалтад орох байх гэж бодож байна. "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч долдугаар сарын 4-7-нд бусад элсэлтийн шалгалтаа өгөх боломжтой байсан. Дахин шалгалтын хувьд системд оноо нь бүртгэгдсэн л бол тухайн үедээ автоматаар дахин шалгалт өгөх эрх нээгдэнэ. Мөн сурагчид өөрсдөө цахим системд бүртгүүлж болно. Гэхдээ сурагчдын хувьд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ч шалгалтдаа ирдэггүй тохиолдол их байдаг учир сурагчид өөрсдөө бүртгүүлэх шаардлага тулгардаг. Тиймээс тухайн үедээ илүү тодорхой болно. "Монгол хэл, бичгийн шалгалт" дахин өгөхөд урьдын адил үнэ төлбөргүй авна. Шалгалтын дүнд санал нийлэхгүй байгаа албан ёсны 4-5 өргөдөл, хүсэлт ирснийг шийдвэрлэсэн" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ