Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж байгааг Ням гарагт зарлалаа

Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж байгааг Ням гарагт зарлалаа.

Тэрбээр өөрийнхөө оронд Ардчилсан Намаас дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэрийг дэвшүүлэхийг дэмжиж байгааг мэдэгджээ.

Байденаас өмнө хамгийн сүүлд 1968 онд ерөнхийлөгч Линдон Жонсон хоёр дахь удаагаа сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байсан юм.

“Энэ шийдвэр намын болон улс орны эрх ашигт нийцнэ гэж би бодож байна. Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэлгүй, бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд өөрийн бүх эрч хүчийг төвлөрүүлэн ажиллахаар шийдлээ” гэж 81 настай Байден мэдэгджээ.

Тэрбээр удахгүй бүх ард иргэдэд шийдвэрээ илүү дэлгэрэнгүй тайлбарлахаа амласан байна.

Ардчилсан Намын үндэсний чуулган эхлэхээс сар хүрэхгүй хугацааны өмнө Байден шийдвэрээ гаргаж байгаа юм.

Уг чуулганаар энэ оны арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчийг албан ёсоор зарлана.

Дэд ерөнхийлөгч Камала Харрис ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүлээж авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “нэрээ дэвшүүлж, сонгуульд ялах” хүсэл эрмэлзэлтэй байгааг мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ