ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ОНЦЛОХ АЖИЛ

ШИНЭ ЗҮТГҮҮРЭЭР ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар 2023 оны зургадугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар төмөр зам ХНН-ийг үүсгэн байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын нэмэлт протоколд гарын үсэг зурж, шинээр таван зүтгүүр авахаар болсон.

Үүний эхний ээлжийн зүтгүүрийг хүлээн авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэгдүүллээ.

 

УЛААНБААТАР-БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН ЗОРЧИГЧИЙН ГАЛТ ТЭРГИЙГ АЯЛУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАЖ БАЙНА

 

2024.03.15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөххот чиглэлийн олон улсын галт тэрэг аялж эхэлсэн.

Тэгвэл Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний аяллыг сэргээхээр бэлтгэл ажил хангаж байна.

Цар тахлын улмаас түр зогсоод байсан дээрх чиглэлийн галт тэрэг аялж эхэлсэнээр манай улсаас БНХАУ-д суралцдаг оюутан сурагч болон эмчлүүлэхээр зорчиж буй ард иргэд шуурхай, ая тухтай зорчих таатай боломж нээгдэх, аялал жуулчлалыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХОЁР ДАХЬ 787-9 DREAMLINER АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА

Агаарын тээврийн либералчлал, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн “AerCap” компанийн өргөн биет хоёр дахь Боинг 787-9 /Dreamliner/ агаарын хөлгийн тоогоо нэмэгдүүллээ.

Уг агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэх бөгөөд цаашид АНУ, Сингапур, Австрали улс руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

 

 

CRJ-700 МАЗААЛАЙ АГААРЫН ХӨЛГӨӨР ОРОН НУТГИЙН ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДДЭГ БОЛЛОО

 

70 хүний суудалтай CRJ-700 МАЗААЛАЙ агаарын хөлгөө хүлээн авч, орон нутгийн найман чиглэлэд нислэг үйлддэг боллоо.

Уг агаарын хөлгөөр хуваарьт нислэг үйлдэж эхэлснээр дотоодын зорчигчид тав тухтай, шуурхай зорчих боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 

ВЬЕТНАМ УЛСЫН ХО ШИ МИН ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛНЭ

 

МИАТ ТӨХК нь Улаанбаатар-Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлд 2024 оны дөрөвдүгээр улиралд үйлдэж эхлэхээр төлөвлөж байна.

Хо Ши Мин чиглэлийн нислэгийг Өнөөдрийн байдлаар нислэгийн давтамж, цагийн хуваарийг урьдчилсан байдлаар гарган зах зээлд таниулах, борлуулалтын сувгийг тодорхойлох, судалгааны ажлууд хийгдэж байна.

 

 

”ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифт тооцох хөнгөлөлтийг баталж, тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцлийг бүрдүүллээ.

 

 

ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЛЭЭ

 

Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ суурьшлын бүс, дагуул хот байгуулах бодлогыг дэмжиж, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах зорилтыг дэмжиж "Монголын төмөр зам" ТӨХК нь Өмнөговь аймаг дахь Цогтцэций өртөө болон зөрлөгүүдэд суурьшлын бүсийг шинээр байгуулж, ажилчдын ажиллаж амьдрах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх нийгмийн хариуцлагын хүрээнд үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.

 

Тухайлбал, росторын буюу уртын ээлжнээс шилжин орон нутагт амьдрах тохиолдолд цалинг 50 хувиар нэмэгдүүлж байна. Одоогоор өртөө, зөрлөгүүдэд нийт 23 гэр бүл ажиллаж, амьдарч байна.

2024 онд ажилчдыг орон сууцны ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах зорилтот ажлын хүрээнд орон нутагт орон сууцны 3 хувийн хүүтэй ипотекийн зээлд ажилтнуудыг хамруулж, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг гүйцэтгэж байна.

 

 

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДУУСГАЛАА

 

Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхээ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дууслаа. Шивээхүрэн-Сэхээ боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдэж байна.

Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж байна.

 

 

БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА

 

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Төмөр зам, далайн тээврийн салбарын шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлийн хурлаар "Бичигт-Зүүнхатавч хилийн боомтын нарийн царигийн төмөр замын төсөл"-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулж хэлэлцүүлсэн.

“Бичигт-Зүүнхатавч” боомтын төмөр замыг ашиглалтад оруулах нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо чиглэлийн төмөр замын эхлэл болж, нэг жилд 8 сая тн экспортын ачаа тээвэрлэх эдийн засгийн ач холбогдолтой.

 

 

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ ТАВИЛАА

 

“Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ