Бригадын генерал Г.Болор НҮБ-д ажиллахаар болжээ
ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөхөөр томилогдож, АНУ-ыг зориход бэлэн болжээ. Монголын анхны эмэгтэй генерал НҮБ-д үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн талаар ЗХЖШ-ын веб сайтад мэдээлсэн байна.
Бригадын генерал Г.Болор нь Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч төдийгүй АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд, штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер юм.
Энэхүү албанд өмнө нь хурандаа Д.Ганхуяг ажиллаж байсан бөгөөд түүнийг НҮБ-д Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлж, байр суурийг нь бэхжүүлэхэд олон чухал ажил санаачлан хэрэгжүүлсэн, түүхэнд бичигдэх гавьяатай гэж салбарынхан нь үнэлдэг байна.
Хамгийн сонирхолтой нь өдгөө монгол бүсгүйчүүд НҮБ-д удирдах албан тушаалд хоршин үүрэг гүйцэтгэх болсон нь бахархууштай. Учир нь НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх хэлтсийн даргаар Монгол Улсын анхны эмэгтэй энхийг сахиулагч болох хурандаа Н.Нямжаргал ажиллаж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ