МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусч, Сонгуулийн ерөнхийн хорооноос өнөөдөр /2024.07.01/ нэр дэвшигчдийг албан ёсоор танилцуулна. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр мөн хуралдахаар товлоод буй.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн болоод УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаалын хувиарлалт хийхээр товложээ.
МАН-ын удирдлагын хүрээнд УИХ-ын даргаар МАН-ын генсек Д.Амарбаясгаланг томилохоор ярилцаж байгаа юм. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс Ж.Энхбаярыг УИХ-ын дарга болгох тохироотой нэр дэвшүүлсэн учраас 126 гишүүнтэй шинэ парламентыг хэн даргалах талаар эрх баригчдын зүгээс эцэслэн тохироогүй байгаа гэх мэдээлэл ч бий. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргалах хүнээр туршлагатай, бүлгийн гишүүдээ "базаж", чиглүүлэх хүн байдаг ч эрх баригчдын дунд нийслэлийн МАН энэ албан тушаалыг авна гэх байр суурийг илэрхийлж, Баянзүрх дүүргээс сонгогдсон Э.Бат-Амгаланг зүтгүүлээд буй.
Энэ мэтчилэн албан тушаалын тохироог хэрхэн хийх вэ гэдэг МАН дотор багагүй тэмцэл, талцал үүсгээд байгаа юм. Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг эцэслэх болов уу гэсэн таамаг бий.
Мөн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн өмнө Бага хурал дээрээ МАН ялалт байгуулбал өөрөө Ерөнхий сайдаар дахин ажиллана гэдгээ баталгаажуулсан учраас түүний хувьд дараагийн Засгийн газрын тэргүүн болно. Ингэхдээ Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч Засгийн газраа бүрдүүлнэ гэдгээ мэдэгдээд буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ