“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2024” АЯНЫ УРИЛГА

“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2024” АЯНЫ УРИЛГА

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг анх 2012 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) санаачлан жил бүр зохион байгуулж ирсэн ба өдгөө нийт 176 орны 40,416 байгууллага оролцож, өргөн хүрээний нөлөөллийн ажлууд хэрэгжүүлдэг болоод байна. Тус аянаар хийгдэж буй ажлууд нь хүүхэд, залуусыг мөнгөтэй харьцахад сургаж, санхүүгийн мэдлэгтэй болгох, санхүүгийн зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийг зорьдог билээ. Энэхүү зорилтыг биелүүлж, олон нийтэд тус аяныг таниулснаар иргэдийн санхүүгийн сайн сайхан байдал дээшилж, улмаар улс орны санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм.

Энэ жилийн “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2024” аян нь “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ  баталгаажуулъя” уриа дор 2024 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор орон даяар хэрэгжих гэж байна. "Мөнгөө эрсдэлээс  хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя" гэсэн уриа үг нь хувийн санхүүдээ хариуцлагатай хандаж, гарч болох аливаа эрсдэлээс сэргийлэн, мөнгөө хамгаалахад чиглэнэ. Түүнчлэн сүүлийн үед санхүүгийн луйвар, залилах зэрэг гэмт хэрэгт мөнгөө алдаж, хохирч байгаа хүмүүсийн тоо буурахгүй байгаа тул энэ чиглэлээр мэдлэг, мэдээлэлтэй байхыг уриалж байгаа юм.

Олон Улсын хэмжээнд зохион байгуулагддаг энэхүү аяны үр нөлөөг Монголын хүүхэд, залуучуудад хүргэхийн тулд тэднийг бүрэн хамруулж, зохион байгуулахад хамтрагч байгууллагуудын оролцоо, идэвх санаачилга нэн чухал билээ. Оролцогч талууд дараах байдлаар хамтарч ажиллана. Үүнд.

  • Аяныг манлайлан хэрэгжүүлэгч Монголбанктай аяны нэгдсэн арга хэмжээг хамтран зохион байгуулах, дэмжиж ажиллах;
  • Аяны зорилтыг биелүүлэх хүрээнд санхүүгийн боловсролын чиглэлээр бэлтгэсэн контентыг сошиал орчинд болон бусад сувгуудаар нэгдсэн байдлаар түгээн ажиллах, түүнд дэмжлэг үзүүлж, өөрсдөө бүтээх;
  • Нэгдсэн #хаштаг, уриа үгийг тогтмол ашиглах;
  • Аяны турш өдөр тутмын үйл ажиллагаандаа аяныг сурталчлах, харилцагчид болон зочид хүлээж авах үедээ санхүүгийн боловсролын ач холбогдлыг таниулах, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах;
  • Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх болон санхүүгийн залилангаас урьдчилсан сэргийлэх сургалт, семинарыг өргөн хүрээнд зохион байгуулах;
  • Иргэд олон нийт тэр дундаа залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулж, уриалан манлайлах гэх мэт ажлуудыг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй.

Иймд танай байгууллагаас уг аянд нэгдэж, санхүүгийн мэдлэгтэй Монголын ирээдүйг бүтээхийн төлөө хүчин чармайлт гарган хамтран ажиллахыг урьж байна.

Бидэнтэй холбоо барих: Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн мэргэжилтэн Э.Хүслэн, утас: 11-311240, и-мэйл хаяг: khuslen.e@mongolbank.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ