Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн 2024 оны эхний хурал 1 сарын 26-ны өдөр болж Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн (МБЗЗ) 2023 оны үйл ажиллагааны тайлан, үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо.

Монголбанкны Захирлуудын зөвлөл нь 2023 онд нийт 7 удаа хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-103 дугаар тушаалаар баталсан “Монголбанкны Захирлуудын зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу Мөнгөний бодлогын хороо болон Банкны Хяналт шалгалтын хороогоор хэлэлцэхээс бусад хамаарах чиглэлээр буюу Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, гадаад валютын улсын нөөцийн удирдлага, гадаад валютын улсын нөөцийн стратегийн хөрөнгө оруулалтын 2024 онд баримтлах бүтэц, банк санхүүгийн байгууллагад олгох лимит,агадаад төлбөр тооцооны тасралтгүй байдлыг хангах, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ, цэвэршүүлж мөнгөжүүлсэн алтыг буцаан авчирч хадгалах, Монголбанкны 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийг батлах зэрэг 13 асуудлыг хэлэлцэн 33 үүрэг даалгавар өгч шийдвэрлэн, Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөж ажиллажээ. МБЗЗ-ийн дээрх ажлын тайланг сонсоод Монголбанкны нөөцийн болон активын үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, сэргийлэх асуудлаар оновчтой санал чиглэл гаргаж ажилласныг Хяналтын зөвлөлөөс сайшаан тэмдэглэв. Гэвч Хяналтын зөвлөлөөс Монголбанкны төлбөрийн чадварыг дээшлүүлэх, чанаргүй актив, алдагдлыг багасгах, хөндлөнгийн хяналтыг чангаруулах зэрэг асуудлаар жил бүр санал зөвлөмж өгч ирсэн. Мөн эдгээр асуудлууд, түүний дотроос Монголбанкны зохистой удирдлага, хөндлөнгийн хяналт, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс Монголбанкийг мөнгөжүүлэх, чанаргүй актив үүсгэхгүй байхыг ОУВС зээлдэгчийн хуваарь болон Монгол Улстай байгуулсан гэрээний дагуу зөвлөмж гаргасан. Гэтэл эдгээр чухал, тулгамдсан асуудлуудыг МБЗЗ хэлэлцэж, зөвлөмж чиглэл өгөөгүй байна. Монголбанкны үндсэн зорилт болох инфляцыг нам түвшинд хадгалж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах, үүнийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болох хуримтлал, нөөцийг удирддаг арилжааны банкнуудын үйл ажиллагаа, мөнгөний бодлогын үр дүн МБЗЗ-өөс гадуур байж болохоор журамласныг эргэж үзэх, цаашид МБЗЗ банкны үр ашиг, бодлого талдаа илүү анхаарч, гол зарчмын асуудлаа шийдэж ажиллах, ингэхдээ боловсруулалт, төлөвлөлтийг хэн хийж байхыг дотооддоо зөв шийдэх шаардлагатай гэж зөвлөлөө.       

Өнгөрсөн 2023 онд ОУВС-ийн хөрөнгийн үнэлгээний ажлын хэсэг ажиллаж, тус ажлын хэсгээс Төв банк (Монголбанк)-нд 17 санал зөвлөмж буюу хугацаатай үүрэг даалгавар өгсний дагуу Монголбанкнаас тус зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж улирал тутам зөвлөмжийн хэрэгжилтийг хүргүүлжээ. Хяналтын зөвлөлийн ээлжит хурлаар тус ажлын хэсгийн мэдээллийг сонсож, санал солилцлоо. Энэ хүрээнд  Монголбанкны дотоод аудитын дүрэм болон Английн дотоод аудитын үлгэрчилсэн зааварчилгаа болон Олон улсын шилдэг туршлагуудын талаарх судалгааг ДАГ-аас танилцуулсныг сайшаан хүлээн авч, цаашид ажилдаа тусгаж ажиллахыг зөвлөв. Олон Улсын Валютын сангийн ажлын хэсгийн зөвлөмжид аудитын байгууллагыг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Аудитын тухай хуульд нийцүүлэн боловсруулах, Монголбанкны тухай хууль болон Хяналтын Зөвлөлийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг эцэслэн боловсруулж, шийдүүлэх, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангаа санхүүгийн жил дууссанаас зургаан сарын дотор нийтлэх, Монголбанк нь санхүүгийн байдлаа сайжруулах, улмаар хөрөнгөжүүлэх стратеги боловсруулах, дотоод аудитын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Монголбанк санхүүгийн эрсдэлийн удирдлагын хүрээг өргөтгөж санхүүгийн хөрөнгийн ангилалд хамаарах бүх хөрөнгийн эрсдэлийг удирдаж Төв банкны эрсдэлийг хязгаарлах, Монголбанк бэлтгэл болон гүйлгээ санд нэвтрэх боломжтой ажилтнуудад зориулсан ротацийн бодлогыг бий болгох гэх зэрэг 17 зөвлөмжийг тусгажээ. Гэвч дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх ажил удаашралтай байгаад МБХЗ-ийн гишүүд шүүмжлэлтэй хандлаа.

Үргэлжлүүлэн ОУВС-аас өгсөн зөвлөмжүүдээс Хяналтын зөвлөлтэй холбоотой зарим  мэдээллийг Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Цэрэнбалтав танилцууллаа. Тэрээр Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журам нь одоогоос 20 жилийн өмнө батлагдсан, гэтэл энэ хугацаанд Төв банкны хуульд 10-аад удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. ОУВС-аас өгсөн зөвлөмжид дотоод аудит, эрсдэлийн хороонд хамааралтай үйл ажиллагаа явуулдаг гэж Хяналтын зөвлөлийг тодорхойлсон. Тиймээс Монголбанкны засаглалтай холбоотой хуулийн төслөөс Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа ихээхэн хамаарах тул цаашид Монголбанк хуулийн нэмэлт өөрчлөлтдөө тусгах нь зүйтэй. Ингэснээр өөрийн зохистой засаглалаа өөрчилж хэрэгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурлын төгсгөлд Монголбанкны санхүүгийн чадавх, ОУВС-ийн өгсөн удаа дараагийн санал зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хангах асуудлыг 2024 онд Засгийн газартай хамтран УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж чиглэл авахыг зөвлөмж болгов. 

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ