Facebook чат, зарын дагуу мөнгө шилжүүлсэн иргэд 38 орчим сая төгрөгөөр хохирчээ
Цагдаагийн байгууллагад энэ долоо хоногт залилах гэмт хэрэг 49 бүртгэгдэн, шалгагдаж байна. Дээрх хэргийн 63 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Тодруулбал, Facebook чат, зарын дагуу мөнгө шилжүүлсэн иргэд 38 орчим сая төгрөгийн хохирол амссан байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь хүн амын төвлөрөл, явуулын хөдөлгөөн ихтэй, бараа бүтээгдэхүүний эргэлт өндөртэй болон хилийн боомттой ойролцоо Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгууд болон Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд ихээр бүртгэгджээ.
Өнгөрсөн 7 хоногт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн гомдол, мэдээллээс онцолбол,
- СБД-ийн иргэн М нь “Дүүгээс 900.000 төгрөг зээлээч гээд фейсбүүк чатаар мессеж ирэхээр нь шилжүүлтэл хаягаа хакердуулсан байна”,
- Дорноговь аймгийн иргэн Э нь “Танил хүнээс мөнгө гуйсан чат фейсбүүкээр ирэхээр нь …. тоот данс руу 900.000 төгрөгийг шилжүүлтэл залилуулсан байна” зэрэг найз нөхөд, ах, эгч танилын facebook хаягнаас мөнгө зээлээч гэсний дагуу мөнгө шилжүүлээд залилуулсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл их байна.
Хэрвээ танд дээрх зүйл тохиолдож “мөнгө зээлээч” гэсэн мессеж ирвэл,
- 1-рт Тухайн хүн руу утсаар эсвэл дүрст дуудлага хийж мөн эсэхийг баталгаажуулах
- 2-рт Тухайн хүний нэр дээрх данснаас бусад данс руу мөнгө шилжүүлэхгүй байх,
- 3-рт Facebook хаягаа бусдад алдахаас сэргийлж мэдээллийн нууцлалаа хангахыг АНХААРУУЛЖ байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ