Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр Ташкент хотноо энэ сарын 23-нд хүрэлцэн ирлээ.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын Ислам Каримовын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав.

 

 

Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт Тусгаар тогтнолын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг Тусгаар тогтнолын хөшөөнд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа. Цэцэг өргөсний дараа Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцууллаа.

 

 

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ