Шөнө 01:30 цагийн байдлаар Баянхошууны 40 дүгээр хороонд айл үерийн усанд автсан дуудлага ирсэн
Өнгөрсөн шөнө буюу зургаадугаар сарын 21-ний 01:30 цагийн байдлаар НОК-ын Шуурхай Штабт бороо, үер устай холбоотой зургаан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, долоон автомашин, дөрвөн мото помпоор 400 тонн усыг соруулсан байна.
Энэ талаар Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат "Улаанбаатар хотод өчигдөр 20:40 цаг орчмоос эхлэн таван цаг үргэлжлэн орсон борооны үеэр НОК-ын Шуурхай Штабт зургаан удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Эдгээрээс дөрвөн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид ажиллаад буцсан.
Хамгийн сүүлд Төв аймгийн Баянцогт сумаас Эмээлт рүү мал тууж явсан иргэн бороон шамарганд мал туух боломжгүй байна гэсэн мэдээллийг 19:00 цагийн үед гэрийнхэндээ өгчээ. Гэрийнхэн нь тухайн байршилд очоод олохгүй байгаа тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүн эрлийн ажиллагааг явуулж байна.
Шөнө 01:30 цагийн байдлаар Баянхошууны 40 дүгээр хороонд айл үерийн усанд автсан дуудлагын дагуу онцгой байдлын бүрэлдэхүүн, Нарны зам дээр тогтсон усыг "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын алба хаагчид соруулж ажиллалаа. Бусад ус тогтдог байршлуудад хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.
Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө бороотой, шөнөдөө ахиу хэмжээний бороо орох тул иргэд, ААН, байгууллагууд мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сонсож, аюулгүй байдлаа хангахыг зөвлөе" гэв.
Цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
- Орон сууцны хорооллын гарааш, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
- Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг НОК-оос зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД