Пепе, Роналду нар дээд амжилт тогтоолоо
"Евро-2024"-ийн "F" хэсэгт португалууд Чехийг тоглолтын төгсгөлд 2:1-ээр хожжээ. Чехийн хагас хамгаалагч Л.Провод тоглолтын 62 дахь минутад эхний бөмбөг оруулсан бол хамгаалагч Р.Гранач долоон минутын дараа автогоолдсоноор тоо тэнцсэн аж. Харин хожлын бөмбөгийг 90+2 дахь минутад португал довтлогч Ш.Консейсау оруулав. Португалын шигшээ багийн ахлагч К.Роналду тус тэмцээнд зургаантаа оролцсон анхны тоглогч боллоо. 2004 онд хоёр, 2008 онд нэг, 2012, 2016 онд тус бүр гурав, 2020 онд тав, нийт 14 бөмбөг оруулаад буй тэрээр эл тэмцээнд оролцсон хамгийн ахмад тоглогчдын жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Өмнө нь Португалын төвийн хамгаалагч Пепе ("Евро-2024") 41, Унгарын хаалгач Г.Кирай ("Евро-2016") 40 настайгаар орж байгаа юм.
"F" хэсгийн нөгөө тоглолтод туркүүд Гүржийг 3:1-ээр хожив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ