Гэр хашаа усанд автсан 12 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Улаанбаатар хотод өчигдөр орой орсон борооны улмаас  21:30 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32, 33-р хороодод гэр хашаа усанд автсан 12, машин урссан нэг дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн Б.Энхмаа “Он гарсаар нийтдээ 36 усны ослын дуудлага мэдээлэл ирсэн. Одоогоор 26 иргэн усанд осолдож амь насаа алдсанаас гурав нь хүүхэд байна. Усны ослын дийлэнх хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүсдэг. Ялангуяа хүүхдүүд сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд нь авах боломжгүй. Тиймээс эцэг эх асран хамгаалагчид хүүхдүүдээ гол усны дэргэд тоглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байх шаардлагатай.

Жил бүр давтагддаг нэг асуудал байна. Энэ нь оршин байгаа газартаа болон гэрийнхээ гадна усан санд хийлэгч завь, тоглоомыг ашигладаг. Үүнийгээ амарч зугаалахдаа авч явж гол усанд орохдоо хэрэглэдэг. Энэ нь урсгал усанд чулуу болон модны мөчирт тээглээд хагардаг ингэснээр голд осолдох эрсдэл үүсгээд байна.

Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орж амь эрсдэх асуудал гардаг. Хэдхэн хором анхаарал сэрэмж алдахад эрсдэл үүсдэг. Нэг зүйлийг онцлон хэлье. Хүнд хоёр амь байхгүй. Тиймээс аялал зугаалгын цаг ирсэн энэ үед иргэн бүр хариуцлагатай байя. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-21-нд шилжих шөнөөс эхлэн үргэлжилсэн усархаг аадар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын 18-аас эхлэн нийт нутгаар дуу цахилгаантай бороо орно гэсэн мэдээллийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Аялал амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан ОБЕГ-т үер усны ослын дуудлага мэдээлэл маш их бүртгэгдэж байгаа. Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ мэдээллийг анхааралтай хүлээж авч амьдралдаа хэвшил болгооч ээ! Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлаа хангаж байхыг онцгойлон анхааруулъя” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ