"Дэлхийд өрсөлдөх чадвараар 67 улсаас 61-т эрэмбэлэгдэж байна"
“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр /2024.06.18/ танилцууллаа.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг:
-Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн зүгээс ‘Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан-2024’-ын үр дүнг дэлхий дахинаа өнөөдөр танилцуулж байна. Тус байгууллагын Монгол дахь албан ёсны түнш Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс мөн энэхүү тайлангийн үр дүн, Монгол Улсын өрсөлдөх чадварын танилцуулгыг хийж байна. Сүүлийн 35 жилийн турш жил тутам хэвлэгдэн гарч буй "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан" нь улс орнуудын өрсөлдөх чадварыг дөрвөн үндсэн бүлэг, 20 дэд бүлэг, нийт 336 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг, улс орнуудын өрсөлдөх чадварыг нарийвчилсан цогц байдлаар харуулдаг хамгийн өргөн хүрээний мэдээллийг багтаасан судалгааны тайлан юм. 2024 оны судалгаанд хамрагдаж буй улс орнуудын тоо 67 болж Гана, Нигери болон Пуэрто Рико улсууд шинээр нэмэгдсэн. Харин ОХУ болон Украnн улсыг өмнөх жилийн адил оруулаагүй байна.
2024 оны тайлангийн үр дүнгээс харахад өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсаар Сингапур нэрлэгдсэн бол удаах байруудад Швейцар, Дани, Ирланд болон Хонгконг эрэмбэлэгдсэн байна.
Ийнхүү Сингапур улс 2020 оноос хойш анх удаа өрсөлдөх чадвараар дахин тэргүүлж эхэллээ. Харин Венесуэл, Аргентин, Гана, Нигер болон Бразил улсууд сүүл мушгисан байна. Өрсөлдөх чадварын хүчин зүйл тус бүрээр харвал эдийн засгийн тамир тэнхээ бүлэгт АНУ, засаглалын үр ашиг болон дэд бүтэц бүлгээр Швейцарь, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа бүлгээр Дани улс тус тус тэргүүлж байна. Дэлхий дахинаа өөрчлөн хувьсаж буй нөхцөл байдлуудыг урьдчилан харж, дасан зохицох чадвар сайтай байхын зэрэгцээ амьдралын чанар, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд анхаарч буй улс орнууд өрсөлдөх чадвараар тэргүүлж байна. Мөн 2024 оны хувьд болон цаашид хиймэл оюун, хүлэмжийн хий ялгаруулал багатай тойрог эдийн засаг, дэлхийн эдийн засгийн интегралчлал болон дижитал шилжилт үргэлжилсээр байх нь улс орнуудын хувьд анхаарах асуудлууд хэвээр байхыг тус тайланд сануулсан гэв.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач Ч.Ганбат:
-Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 67 улсаас 61-т эрэмбэлэгдэж, онооны хувьд 46.3 болж өмнөх жилээс 10.7 оноогоор нэмэгдсэн. Ийнхүү эрэмбэ болон онооны хувьд сайжрахад эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, институти болон нийгмийн үзүүлэлтүүд сайжирсан зэрэг түлхүү нөлөөлсөн бол бизнес эрхлэх орчин, дэд бүтцийн үзүүлэлтүүд өрсөлдөх чадварыг хойш татсаар байна. Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад,
2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн үзүүлэлттэй байгаа бол 2018 оноос эхлэн тасралтгүй буурч 2024 онд өсөлттэй гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ