Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн менежер Г.Болор: Хүмүүс намайг улсын төсвөөр тэмцээн үздэг гэж ташаа боддог
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн менежер Г.Болортой ярилцлаа. Бидний ярилцлага "Абу-Даби-2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон сар гаруйн дараа болох "Парис-2024" олимпын тухай болон жүдо бөхтэй холбоотой сэдвээр өрнөсөн юм.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бодлоор "Абу-Даби-2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан сайн оролцлоо...
-Сайн байна уу? Шинэ дэлхийн аваргатай, дэлхийн аваргын шинэ медальтантай, өрсөлдөөнтэй тэмцээн боллоо. Ойр ойрхон дэлхийн аваргатай болоод сэтгэл өндөр байна аа. Гэхдээ тооцолсноосоо харьцангуй цөөн медаль хүртсэн шиг санагдана. Баасанхүүгийн маань өмнө олимпын хүрэл медальт Цогтбаатар "Ташкент-2022" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. -
-Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцлог гэвэл...
-Олимпын өмнөх сүүлийн том сорилго гэдгээрээ онцлогтой байлаа. 2021 онд Токиогийн олимпоос сар гарны өмнө Унгарт дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байлаа. Тэр ч утгаараа Олон улсын жүдо бөхийн холбоо олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрыг зэрэг зохиох боломжтой гэж үзсэн. Цаашдаа ч олимпын өмнө дэлхийн аваргын тэмцээн зохиогдоод явах болов уу. Ер нь жил бүрийн дэлхийн аваргын тэмцээнд өөр өөрийн гэсэн онцлог байдаг биз. “Абу-Даби-2024"-ийн онцлог гэвэл шинэ медальтнуудтай болсон нь юм уу даа. Мэдээж манай тамирчид медалийн буухиаг таслалгүй хичээж яваа. -Олимпын жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн учир зарим улс шилдгүүдээ илгээсэнгүй гэдэгтэй санал нийлэх үү? -Санал нийлэхгүй. Дэлхийн шилдгүүдээс тоотой хэдхэн нь л ирсэнгүй. Бусдаараа бол 107 орны 639 тамирчин гэдэг их тоо шүү. Мэдээж аварга нь эзгүй бол өөр нэгэн аварга төрөх л болно. Энэ нь спортын дүрэм шүү дээ.
-Жүдо сонирхогчид маань зарим жингийнхнийг тун шүүмжилсэн...
-Дэргэдээс нь үзээд сууж байхад бүгд л сэтгэлээрээ, бие физиологиороо маш их хичээж, тэмцэж байгаа. Дэргэдээс нь үзэх, зурагтаар үзэх хоёр маш өөр. Тиймээс төрөх мэдрэмж ч өөр. Зурагтаар хөшигний ардахыг харуулдаггүй болохоор хүмүүст мэдрэгддэггүй байх л даа. Хөшигний цаана уйлсан, гуньсан, урам хугарсан гээд олон дүр зураг бий.
-Жүдо сонирхогчид маань зарим жингийнхнийг тун шүүмжилсэн…
-Магтаал, шүүмжлэл хоёр зэрэг оршиж байж тэнцвэртэй байх болов уу. Заримдаа шүүмж гэхээсээ илүү хувь хүн рүү нь дайрсан, тулгасан сэтгэгдлүүд их харагддаг. Тийм сэтгэгдлүүдийг уншаад "Бичсэнийгээ эхлээд өөртөө хэлээд үзээсэй. Гомдохоор байна уу, үгүй юу гэдгийг өөртөө туршаасай" гэж боддог доо.
-ОУХМ Анхзаяаг медаль хүртэнэ гэж таамагласан хүн бараг үгүй...
-Бид тэр үед маш их бахархсаан. Цогтбаатар аварга маань "Хоёр өвдөг маань хоёулаа гэмтсэн учраас жингийн дүү нарын нэгийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулж болох уу?" гэсэн хүсэлт гаргасан юм. Тэрхүү хүсэлтийг нь биелүүлснээр манай баг шинэхэн медальтантай болсон. Бид ч "Эрдэнэбаяр, Анхзаяа хоёр маань дэлхийн аваргын медаль авах нь авна. Цаг хугацааны л асуудал" гэж ярилцаж байлаа. Анхзаяа ч олдсон боломжоо алдалгүй сайн ашиглаж чадсан шүү. Дэлхийн аваргын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон бөхчүүд маань бүгд шигшээ найм руу ороод л их шуугиантай байсан даа.
-Өнөө жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүлт олон хүний санаанд хүрсэнгүй...
-Хүмүүс л шүүж байгаагаас хойш алдаа гаргах, алдах үе байдаг биз. Тэмцээний дараа хуралдаад шүүгчидтэйгээ ажилладаг юм билээ, ОУЖБХ. -ОУХМ Гончигсүрэн, гавьяат тамирчин Цогтбаатар нарын бэртлийн талаар... -Гончигсүрэн маань цаг алдалгүй эрчимжүүлсэн эмчилгээнд орсон. Одоо багийнхантайгаа Хөх хотод олимпын бэлтгэлдээ гарчихсан байгаа. Харин Цогтбаатар аваргын хувьд хоёр өвдөгнийх нь чагтан холбоос тасарсан. Жүдо сонирхогчид маань санаж буй бол 2023 оны Токиогийн "Их дуулга"-ын өмнөхөн баруун өвдөгний чагтан холбоосоо тасалсан. Өнгөрсөн тавдугаар сард Астанагийн "Их дуулга"-д Азийн аваргын хүрэл медальт, Солонгосын Ли Еун Кюултэй барилдаж байхдаа зүүн хөлний чагтан холбоосоо тасалчихсан юм. Гавьяат маань Астанагаас тэргэнцэртэй ирсэн шүү дээ. Саяхан Солонгост хийлгэсэн хагалгаа нь амжилттай болсон. Одоо эмчилгээтэй байгаа.
-Та үндэсний шигшээ багийн менежерийн албан тушаалыг хашаад хэр удаж байна вэ?
-Анх 2021 оны 11-р сард санал тавьсан. Би 2022 оны нэгдүгээр сараас ажлаа албан ёсоор хүлээж авсан л даа. -Олимпод оролцох бөхчүүдийг ОУЖБХ хэзээ зарлах вэ? Таныхаар манайхаас хэдэн бөх эрх авах бол? -Манай есөн тамирчин албан ёсоор бүсэд багтсан. Бас нэг жүдоч тивийн эрхээр оролцоно. Ази тивд эрэгтэйчүүдэд арав, эмэгтэйчүүдэд мөн арав нийт хорин эрх өгөх юм байна билээ.
-Вазари зааж буй зураг тань нэг хэсэг сошиал ертөнцийг ёстой л байлдан дагууллаа...
-Тухайн үед Эрхэмбаяр, Анхзаяа хоёр маань зэрэг барилдаад. Би телевизээр цацагдаад байгааг нь мэдээгүй юм л даа (инээлээ). Мэдсэн бол сэтгэл хөдлөлөө дарах байсан байх аа.
-Ингэхэд та хэдэн настайгаасаа жүдо сонирхож эхлэв? Хичээллэж байсан уу?
-Хичээллэж огт үзээгүй. Би зөвхөн үзэх л зориулалттай хүн шиг байгаа юм. 2013 оны Осака билүү Токиогийн "Их дуулга" анх үзсэнээс хойш гэхээр 11 жил жүдо үзэж байна.
-Олон л тэмцээн үзээ байлгүй. Санаанаас тань гардаггүй тэмцээн, барилдаан бий л биз...
-Очиж үзэж байсан тэмцээнд монгол хүн финалдах шиг сайхан дурсамж байхгүй шүү. 2018, 2022 оны Азийн наадам, 2017 оны Азийн, 2022, 2024 оны дэлхийн аваргын финалууд тод санагдана аа.
-Өөрөөс чинь хариулт авмаар байна л даа. Таныг улсын төсвөөр гадагшаа явж, уралдаан тэмцээн үздэг гэсэн яриа бий...
-Шигшээ багийн бүрэлдэхүүнд би багтдаггүй. БТСУХ л дасгалжуулагч, тамирчдыг бүрдүүлдэг юм шүү дээ. Ер нь шигшээ багийн төсөв надаар дамждаггүй, шууд шигшээ багт зориулагддаг. Тэгэхээр энэ төсөв надтай ямар ч хамааралгүй байгаа биз? Харамсалтай нь намайг улсын төсвөөр тэмцээн үздэг гэсэн өрөөсгөл ойлголт хүмүүст байдаг юм билээ. Би төлөвлөж байгаад хувийн зардлаараа жилд нэг, чадвал хоёр тэмцээн үздэг. Тэмцээн үзэхдээ мандатыг нь хүртэл төлбөр төлж авдаг даа. Ер нь цалингийн зээл авчихдаг, одоо ч зээлээ төлсөөр байгаа.
-Тэгвэл Үндэсний шигшээ багийн менежер ямар ажил хариуцдаг вэ?
-Тэмцээнд оролцохоор сонгогдсон баг тамирчид тухайн оронд очсоноос буцаад эх орондоо ирэх хүртэлх бүх үйл ажиллагааг зохион байгуулна шүү. Сэргээшийн хяналтад оролцоно, гадаадад тамирчдын авсан бэртэл гэмтэл гээд ер нь л шигшээ багийн тамирчдын асуудлыг хариуцдаг. Шигшээ багийн менежер гэхээр хүмүүс буруугаар ойлгох нь элбэг. Бүгдээрээ л "Танай тамирчид ийм байна, тийм байна" гээд л.
-Та зөвхөн насанд хүрэгчдийн шигшээ багийг хариуцдаг уу?
-Зөвхөн үндэсний шигшээ баг гэлтгүй өсвөр үе, залуучуудын багийн тэмцээнд оролцох бүх үйл ажиллагааг би хариуцдаг. Харин Монголын жүдо бөхийн холбооны фэйсбүүк, инстаграмыг ажиллуулдаггүй. Холбоонд ажилд ороогүй үедээ сошиал медиаг нь хариуцаж ажиллах санал тавьж байсан. Гэхдээ одоо тэрнийг хариуцдаггүй, тусдаа баг ажилладаг л даа.
-Тавиад мянган гишүүнтэй бүлэгтэй байх аа, та?
-Жүдо бөх сонирхогчдын группээ цэвэр сонирхлоороо л ажиллуулдаг. Группээ нээгээд зургаан жил орчим болж байгаа. Өмнөх нь устаад алга болчихсон юм.
-Таны шүтдэг бөх...
-Шүтдэг бөх маань байнга л солигддог доо. Цаг үеэ дагаад ч гэх үү зодог тайлах нь зодог тайлаад, шинэ аваргууд гарч ирээд л... (инээв)
-Таны сонирхлыг жүдогийн юу тэгтлээ их татав?
-Жүдогийн хурдтай, тэсрэлттэй нь их таалагддаг юм. Би удаан суугаад үздэг спорт сонирхдоггүй юм байна билээ. Жүдогийн хурдан түргэн шийдээд явчихдаг нь л таалагдсан юм болов уу даа.
-Энхрийлэн гавьяат та хоёр эгч дүүс байх аа? Танай удамд түүнээс өөр жүдоч бий юу?
-Тийм ээ, бид хоёр эгч, дүүсийн хүүхдүүд. Хар багаасаа л хамт өссөн дөө. Манайхан бөхийн удамгүй ээ. Энхрийлэн маань анхдагч нь, удмынхаа түүчээ болж, жим гаргаж яваа хүчирхэг эмэгтэй.
-Санаанаас тань гардаггүй барилдаан гэвэл...
-Энхрийлэнгийн 2016 онд Улаанбаатарын гранприд түрүүлсэн нь санаанд тод байна. Дүү маань тэр үед хамгийн залуудаа гранпри ангиллын тэмцээнд түрүүлсэн эмэгтэй жүдоч болсон, одоо ч тэр амжилтаа эзэмшдэг. Бас монгол бөхчүүдийн маань финалдаж байсан Азийн наадам, Азийн болон дэлхийн аваргын тэмцээнүүд санаанд минь бий. Гаднын жүдочдын санаанаас гардаггүй барилдаан гэвэл Японы Оно Шохей, Солонгосын Ан Чанрим хоёрын "Жакарта-2018" Азийн наадмын финал. Тэд 12 минут тулсны эцэст Оно вазаригаар ялсан л даа, бас хоёулаа хоёр торгуультай. Чанрим яаж уйлж, Оно яаж төвийг сахьсан царайлж байсан нь өчигдөрхөн юм шиг санаанд тод байна шүү.
-Ярилцсан танд баярлалаа.
Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД