Чөлөөт бөхийнхөн Будапештаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Монголын чөлөөт бөхийн шигшээ багаас Парисын олимпод оролцох гурван тамирчин Унгарын Будапешт хотноо болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд өрсөлдөж, гурван медаль хүртлээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртжээ.
Гавьяат тамирчин Д.Отгонжаргал Хятад, Оросын бөхчүүдийг ялсан ч өөрийн гол өрсөлдөгч Хятадын өөр нэг бөх Фэн Зычид ялагдсан юм. Тэгвэл 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон Оросын бөх Анна Щербаковаг цэвэр, дараа нь ДАШТ-ий хошой мөнгөн медальт, АНУ-ын тамирчин Кайла Мираклыг 14:10-өөр ялсан ч хагас шигшээд олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт, Украйны Ирина Коляденкод 4:6-гаар дийлдэв. Улмаар хүрлийн төлөө Оросын бөх Алина Касабиеваг 8:2-оор буулган авсан юм.
Харин олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа Шинэ Зеландын тамирчин Тайла Фордыг 6:0-ээр ялсан ч хагас шигшээд 2023 оны дэлхийн аварга Туркийн Бусе Тосунд цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчин Фируза Исинбаеваг ялжээ.Өнөөдрөөс Унгарын Будапешт хотод чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын олон улсын хамтарсан бэлтгэл эхэлнэ. Тус бэлтгэлд манай улсаас Парисын олимпод зодоглох эрхээ авсан таван тамирчин хамрагдах юм. Тамирчдыг гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Б.Наранбаатар, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан нар удирдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ