"Аабан бээбэн" яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт Н.Хулан: Хайр, шүлэг, бид гурвыг салгаж ойлгож болохгүй

 

 

Модернист яруу найрагч Д.Галсансүхийн нэрэмжит "Аабан бээбэн" яруу найргийн анхдугаар наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Н.Хулантай ярилцлаа. Тэрээр СЭЗИС -д маркетингийн чиглэлээр сурдаг аж.

-Юуны өмнө "Аабан бээбэн" яруу найргийн наадамд түрүүлсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Модернист яруу найрагч Галсансүхийн нэрэмжит "Аабан бээбэн" яруу найргийн анхдугаар наадамд түрүүлсэндээ маш их баяртай байгаа. Энэ наадмыг олон жил хийгдээсэй гэж хүсэж байна.

-Энэ наадамд хэдэн найрагч оролцов? "Аабан бээбэн"-д түрүүлнэ гэж бодож байсан уу?

-Нийт 19 яруу найрагч оролцсон. Тэдний шүлгүүд маш гоё байсан болохоор жаахан сүрдсэн шүү. Өөрийгөө тусгай байр эзлэх болов уу гэж бодож байлаа. Тусгай байрын хоёр залуугийн нэрийг зарлахад нэр маань гараагүйд "За ядаж гуравдугаар байрт байгаа юм байна даа" гээд хүлээтэл миний нэрийг бас л дуудаагүй. "За за би байхгүй юм байна" гэж бодож байтал "Тэргүүн байранд Хулан" гээд зарласан чинь их гайхсан, цочирдсон. Шагналаа яг гардах мөч бол үгээр илэрхийлж хэлэмгүй, маш гайхалтай мөч байлаа. "Аабан бээбэн" наадам тавдугаар сарын 15-нд болсон шүү дээ. Энэ өдөр ээжийн минь төрсөн өдөр. Өглөө нь ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэж "Миний ээж төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй. Охин нь шагналаа авчихаад ирье" гээд гарсан. Шагналаа авах яг тэр мөчид хамгийн түрүүнд ээжээ бодсон. Гараад ээж рүүгээ залгаад "Ээж ээ, би авсан шүү" гэхэд тэр "Төрсөн өдрийн маань хамгийн том бэлэг байлаа" гэсэн дээ. Ер нь тэр өдөр маш олон баяр давхацсан, маш олон мэдрэмж өөрөөр хэлбэл догдлол, баяр, жаргал гээд бүх зүйл холилдсон гоё өдөр байсаан.

-Түрүүлэхдээ хэр итгэлтэй байв?

-Ер нь сандралтай байсан шүү. Одоо ч тэр сандрал гүйцэд арилаагүй л байна. Цуг оролцсон залуус маань их сайн шүлэг бичдэг бас уншдаг юм билээ. Шүлгүүдийг нь сонсоод түрүүлнэ гэдэгтээ эргэлзэж байсан шүү. Дээр нь шүлэг бичилгүй удсан байсан л даа. Арван жилээсээ дорвитойхон бичээгүй. Ер нь оюутан болоод бараг бичихээ больсон доо. Хаа нэг бичмээр санагдахаар хэдэн мөр бичээд л орхичихно. "Аабан бээбэн" яруу найргийн наадам болно гэдгийг сонсоод бичсэн болохоор "Яадаг бол?! Өмнөх шигээ биш байх вий дээ" гэж айж байсан. Тэгээд шилдэг оролцогчдын уншсан шүлгүүд дотор гайхалтай шүлэг цөөнгүй байхыг сонсоод айдас улам нэмэгдсэн гэх үү дээ.

-Нууц биш бол манлай найрагчийн байг сонирхъё...

-Punk Buddah гэдэг баримал, Галсансүхийн шүлэг болон "Нисванис" хамтлагийн дуутай пянз, гараад удаагүй Галсансүхийн "Битник шүлгүүд" болон мөнгөн шагнал байлаа. Би пянзтай болно гэж их боддог байсан юм. Анхны пянз маань шүлгийнх буйд маш их баяртай байгаа. Удахгүй пянз тоглуулагч авна аа.

 

-Хэн хэн шүүсэн билээ?

-Галсансүх, Сүхзориг... Бусдынх нь нэрийг сайн санадаггүй ээ.

-Моломжамц, Буянзаяа...

-Аан тийм тийм.

-Модернист яруу найрагч Галсансүхтэй өмнө нь танил байсан уу?

-Үгүй ээ (инээв).

-Шагнал гардуулахдаа тэр юу гэв?

-"Баяр хүргэе. Мундаг байсан шүү" л гэсэн дээ.

-Түрүүлчихээд баяраа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцав?

-Сосо ахдаа хэлсээн.

-Найз залуу чинь үзээгүй юм уу?

-Найз залуу маань цуг байсан (инээлээ). Баярыг минь хамгийн түрүүнд хуваалцсаан. Хайртай хүнээсээ "Чамаар бахархаж байна. Мундаг байлаа" гэдэг үг сонсох маань маш гайхалтай мэдрэмж байлаа.

-Сосо гэж хэн билээ?

-Эрдэнэтийн дөрөвдүгээр дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Дэлгэрсайханы Сосорбарам. Бас яруу найрагч, "Цагаан уул", "Болор цом"-д орж байсан шүү. Шүлэг бичих замыг маань энэ л хүн зааж өгсөн гэх юм уу даа.

-Ер нь таныхаар шүлэг гэж юу вэ?

-Хүмүүс шүлгийг мөр, үгийн тоо, сүүл, толгой холболт гэх мэтчилэн хайрцаглагдсан байдлаар ойлгодог. Би ч гэсэн тэгж боддог байсан. Харин багш маань "Шүлэг заавал тийм байх албагүй. Хэдэн ч мөртэй, хэдэн ч үгтэй ямар ч байж болно. Гол нь чиний сэтгэлээс гарах ёстой" гэж хэлдэг. Тийм ч учраас би шүлгээ аль болох задгай сэтгэж бичихийг хичээдэг.

-Тэгвэл шүлгээ ямар үед илүү бичдэг вэ?

-Наад асуултыг чинь хүмүүс их тавьдаг л юм. Би юмыг ургуулж, төсөөлж, зохиомжилж бодох их дуртай. Зохиомлоор нэг ертөнц бүтээгээд, тэрэн дотроо амьдраад, хэн нэгнийг хайрлаад, хэн нэгэнд хайрлуулах байдлаар шүлгээ бичдэг. Миний дотор хоёр хүн байдаг юм шиг санагддаг. Нэг нь 4-5 настай жаахан хүүхэд, бүхнийг сониучирхдаг, бүхнийг анзаардаг, өөрөөсөө болон бусдаас яагаад яагаад гэж асуудаг болохоор шүлгийн минь сэдэв төрдөг гэх юм уу. Харин нөгөөх нь болохоор маш их юм боддог, нас бие гүйцсэн, юмыг эргэцүүлдэг, чимээгүй хүн. Шүлгийн сэдэв төрсний дараа хоёр дахь буюу нас биед хүрсэн, эргэцүүлдэг хүн маань шүлгийг цааш нь ургуулж бичдэг гэж би боддог.

-"Аабан бээбэн" таны оролцсон анхны наадам уу?

-Насанд хүрэгчдийн хувьд бол анхных.

-Та "Хүрэл тулга"-д түрүүлж байсан санагдана...

-Тийм ээ, 2019 оны улсын "Хүрэл тулга" наадамд түрүүлж байлаа. Эрдэнэтээс шалгарчихаад Улаанбаатар луу Сосо багштайгаа галт тэргэнд суугаад л шөнөжин шүлгээ уншиж бэлдэж байсан юм. Гучаад хүүхэд оролцсон тэр наадам гурван даваатай байв. Эхний хоёр даваанд бүх хүүхэд шүлгээ уншаад, сүүлийн шатанд шигшигдэж үлдсэн таван хүүхдэд сэдэв өгч, таван минутын дотор шүлэг бичүүлж, байр эзлүүлдэг. Шигшигдэж үлдэх тусам би улам сандраад л. Тэгээд "Одоо л өөрийгөө харуулдаг юм шүү, Хулаан" гэж өөрийгөө зоригжуулаад бичсэн шүлэг маань түрүүлчихсэнд ёстой хөл газар хүрэхгүй баярлаж явлаа. Өргөмжлөл, шагналаа аваад харихад нэг их том эрдэнэ олсноо өвөртлөөд явж байгаа юм шиг бодогдож билээ.

-Ингэхэд анхны шүлгээ хэдэн настайдаа бичив?

-Яг анхны шүлэг гэхээр сайн санадаггүй ээ. Гэхдээ миний хувьд анхны гэж тооцогдохуйц шүлэг гэвэл 2019 онд их зохиолч Нацагдоржийн нэрэмжит "Хүрэл тулга" улсын уралдаанд түрүүлж байсан хоёр шүлэг маань бий. Тэр хоёртоо үнэхээр их хайртай. Одоо унших болгонд тухайн мөчид төсөөлж бодож байсан ертөнц маань харагддаг.

-Шүлгүүд тань голдуу хайрынх юм аа...

-Тийм ээ, би хайранд их дуртай. Ээжийн, найзын, дүүгийн, эр хүн намайг хайрлах хайр, эр хүнийг би хайрлах хайр, өөрийгөө хайрлах хайр гээд л. Бас дөнгөж ургаж буй цэцгийг хайрлах хайр гээд би бүх хайранд хайртай. Тийм ч учраас шүлгүүд маань дандаа хайртай холбоотой байдаг. Шүлгүүдийг маань уншаад хүмүүс намайг ганцаардсан, гунигласан, эмо гэдэг шүү дээ нэг тийм хүн гэж бодох байх. Үнэндээ амьдрал дээр би тийм хүн биш.

-Ингэхэд хэр дурламхай вэ?

-Ер нь дурламхай шүү. Өдөрт зуу дурладаг гэдэг шиг л гудамжаар зөрсөн хөөрхөн эмэгтэйг хараад дурладаг. Хөөрхөн залууг хараад бас дурлана аа. Харин хайрлах бол өөр л дөө.

-Тэгвэл дурлал, хайр хоёрын ялгаа?

-Дурлал бол тэрхэн агшных, хайр бол үүрдийнх гэж боддог.

-Олон удаа дурласан уу?

-Өдөр болгон д дурладаг шүү дээ. Хайртай залуугаа хараад дурлана. Хажуугаар зөрсөн эмэгтэйг хараад дурлана. Өөрийгөө ч хараад дурлана аа, хааяа (инээв).

-Эрчүүд танд хэр дурладаг вэ?

-Сайн мэдэхгүй юм аа. Ер нь "Чамд дурлачихлаа" гэж хэлж ирсэн хүн гарын таван хуруунд л байх даа. Нэг бол надад бараг дурладаггүй байх. Эсвэл надаас айгаад хэлдэггүй болов уу (дахиад инээлээ). Танихгүй хүмүүс намайг анх хараад аягүй ууртай, их зантай гэж боддог гэнэ билээ. Уг нь би чинь их нээлттэй, хөгжилтэй хүн шүү дээ.

-Дурласан эрчүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би бусдын хайрыг үгүйсгэхийг хүсдэггүй. Бас үл тоож шархлуулахыг хүсдэггүй. Тийм болохоор надад зориулсан зүйл байвал хүлээж авдаг. Гэхдээ би тэр хүнийг хайрлахгүй эсвэл сонирхдог эр маань биш бол сэтгэлийг нь хүлээж авч баярласнаа илэрхийлдэг ч харилцаа үүсгэмээргүй байгаагаа шулуухан хэлчихдэг.

-Ер нь хайр дурлалд насны зөрөө байх ёстой юу?

-Эмэгтэй хүн байгалийнхаа жамаар хамгаалуулах дуртай байх. Тиймээс би ах хүн сонирхдог. Гэхдээ үсрээд гурав ах байхад л хангалттай. Ер нь амьдралд юу тохиолдохыг таашгүй шүү дээ. Харин бусдын хувьд хоорондоо болж, зохицож байхад нас бол тоо л байх даа.

-Хайрын захиа их авч байсан уу?

-Тийм ч их биш ч гэлээ авч байсан шүү.

-Танай үеийнхэн захиа бичдэг гэж үү?

-Бичнэ шүү дээ. Намайг захиа бичих дуртай болохоор хүмүүс захиа өгдөг байх.

-Хайрын анхны захиаг хэнээс хэддүгээр ангидаа авав? Ямар хариу өгсөн бэ?

-Ангийнхаа нэг хүүгээс хоёрдугаар ангидаа авч байлаа. Сайн санадаггүй ч хайртай, дуртай л гэсэн байдаг юм. Тэр захианы эхэнд "Үгүй" гээ хариулсан даа.

-Та номоо гаргаж амжсан уу?

-Үгүй ээ.

-Маркетингийг яагаад сонирхов?

-Ахлах ангид орохдоо сэтгэл зүйч, сэтгүүлч, бизнесийн удирдлага гэсэн гурван хувилбар бодчихсон байсан. Тэгээд СЭЗИС-ийн мэргэжлүүдээс маркетинг надад илүү тохирох юм шиг санагдсан л даа. Би шинэ зүйл илэрхийлэх, шинэ юм бүтээх их дуртай. Маркетинг гэдэг бол нэг талаараа нийгмийг чиглүүлэх гэх юм уу моодыг бий болгоно гэсэн үг л дээ. Хэлэх үг, бодох бодол, өөрчлөх хандлагад нь шинэ зүйл оруулахуйц үйл хөдлөл ер нь хийдэг. Миний хувьд гэвэл график, видео, дизайнд бас сонирхолтой байсан болохоор реклам зар сурталчилгааг их сонирхдог. Тиймээс маркетингийг сонгосон юм болов уу гэж боддог юм. Маркетинг ч гэсэн нэг юманд баригдахгүй, маш задгай сэтгэх, шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Тэгж байж бусдаас түрүүлж алхана, хараагүйг нь харна аа гэсэн үг. Тиймээс надад хамгийн тохирох нь маркетинг байсан болов уу гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Ш.Эрдэнэтөр

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Kk
    2024 оны 06 сарын 10 | Хариулах

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин