“Банк-100” үзэсгэлэн “Чингис хаан”-ы музейд нээгдлээ
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойд зориулсан “Банк-100” гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэн “Чингис хаан” Үндэсний музейд өчигдөр нээгдлээ.
Нээлтийн ёслолд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, арилжааны банкнуудын захирлууд, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, Монголын Зоос судлалын холбоо, Монголын филателийн холбооны удирдлага, гишүүд болон бусад хүндэт зочид, төлөөлөгч нар оролцов.
Эдүгээгээс 100 жилийн өмнө буюу 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Худалдаа ба Аж үйлдвэрийн банк”-ийн анхлан байгуулсан түүхтэй. Энэ нь Монгол Улсад орчин цагийн өнөөгийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл болжээ.
“Банк-100” үзэсгэлэнд Монгол Улсын банкны салбарын зуун жилийн түүхэн гэрэл зургууд болон монголчуудын төлбөрийн хэрэгсэл, зоос, дурсгалын зоос, мөнгөн тэмдэгтийн хөгжлийг илтгэсэн ховор нандин цуглуулга, үзмэрийг нэг дор дэлгээд байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулан гаргасан “Монголбанк-100 жил”, “Хубилай хааны зарлиг”, “Хос луу” сэдэвт дурсгалын зоосыг албан ёсоор олон нийтэд танилцуулав. Түүнчлэн “Монгол шуудан” ХК-иас банкны салбарын 100 жилийн ойд зориулан гаргасан “Анхны өдөр” маркийн эх зургийг нээх ёслол, маркийг Монголын маркийн музейд хадгалах ёслол боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ