ЦЕГ: Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилан хийх тохиолдол ихсэж байна
Жил бүрийн эдгээр өдрүүдэд зарын сайт болон цахим орчинд "Зуслангийн байшин түрээслүүлнэ" гэх зараар иргэдийг залилсан хэргүүд гарсаар байна. Зуны улирал эхэлж, цэвэр агаарт зуслангийн байшин түрээслэх хүсэлтэй иргэдийн хүсэл сонирхлыг ашиглан хуурамч зургаар зар оруулж, залилсан хэрэг бүртгэгдэж байгаа аж.
Энэ талаар ЦЕГ-ын УСХ-ийн мэргэжилтнээс тодруулахад, "Зуслангийн байшингийн эрэлт нэмэгдэж буй энэ үед үүнийг дагасан залилангийн гэмт хэргүүд шил шилээ даган гарч, хохирогчдын тоо өсөх хандлагатай байна. Манайд залилан гэсэн хэрэг дээр л бүртгэл авдаг учраас яг энэ төрлийн залилан хийсэн хүмүүсийн сүүлийн үеийн тоон мэдээлэл гараагүй байна. Гэхдээ өнгөрсөн сараас эхлэн зуслангийн байшин түрээслэхээр урьдчилгаа мөнгөө шилжүүлээд залилуулсан хүмүүс нэлээдгүй ирж байгаа. Иймээс иргэд та бүхэн зуслангийн байшингаа цаг гарган эргэж тойрч, эсвэл байнгын харуул хамгаалалт, манаачтай байлгахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна" гэв.
Өнөөдрийн байдлаар зуслангийн байшингийн үнэ байршил, засвар зэргээсээ хамаарч 600 мянгаас 7.5 сая төгрөгийн хооронд байна.
Цахим орчинд зар тавьсан хүмүүс иргэдээс түрээсийн төлбөрөө урьчилгаа хэлбэрээр авч залилах тохилдол гарч байгаа тул иргэд зуслангийн байшин түрээслэхээсээ өмнө заавал биеэр уулзаж, байшинг нь очиж харахыг ЦЕГ-аас анхааруулж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ