АН-ын бүлэг хуралдана

Долоо хоног бүрийн Даваа гаригт намын бүлгүүд хуралддаг товтой. Тэгвэл өнөөдөр /2024.04.29/-ний Даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдах бол МАН-ын бүлэг дахин хуралдахгүй гэсэн мэдээлэл байна. МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт мөн л бүлгийн хурлаа хийгээгүй юм. Учир нь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь хөдөө орон нутагт томилолттой байгаа учраас бүлгийн хурал хийх ирц хүрэхгүй байх магадлалтай байгаа талаар эх сурвалж хэлж байсан юм.  Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг  өргөтгөсөн байдлаар хуралдаж, УИХ-аар баталсан хууль, мөн С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан  цацсан нэвтрүүлгийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр  УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга  О.Цогтгэрэл "С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг улс төрийн хүчин дандаа буруутан болдог боллоо. Хэргийн материалыг ил тод болгодоггүй. Хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Ийм учраас энэ хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан тавьж, ажиллахыг бүлгийн гишүүдэд үүрэг болголоо" гэж мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ