С.Амарсайхан: Аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна

Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах орчин нөхцлийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ. Энэ санхүүжилтээр гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэрэг тоног төхөөрөмжийг худалдаж авах ажлыг шуурхай зохион байгуулна. Нийлүүлэлтийг энэ долоо хоногоос эхлүүлнэ.

Мөн онцгой байдлын алба хаагчдын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, алба хаагчдыг сургах, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт явуулна.

Эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж байгууллагын тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Онцгой байдлын алба хаагчдын тоог хүн амын тоотой харьцуулахад улсын хэмжээнд хүний нөөц 60 хувийн дутагдалтай, машин механизм 40 хувийн дутагдалтай байна гэсэн тооцоо гарсан. Улсын хэмжээнд 130 гаруй аврах анги байгуулах шаардлагатай.

Манай арван аврагч тутмын 3 нь гамшиг ослын үед өмсөх иж бүрэн хувцас, хэрэгсэлтэй байна. Гэхдээ бүгд нэг дор ажилладаггүй учир ийм хэмжээнд байгаа юм. Одоо энэ асуудлыг цогцоор шийдвэрлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн.

Алба хаагчдын цалин өнгөрсөн хоёр жилд хоёр удаа нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт 25 хувиар нэмэгдсэн. Давхар аврагчдын орон сууц зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. 

Дрон, робот авснаар бүх асуудал шийдэгдэхгүй. Хүн орж болохооргүй, хязгаарлагдмал газарт л робот, дроныг ашигладаг. Дрон, роботтой болсноор бүх асуудал шийдэгдэнэ гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хамгийн өндөр орон сууцанд гарсан гал унтраах зориулалтын машин авах ажлыг мөн яаралтай шийдвэрлэнэ гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ