Энэтхэгээс Монгол Улсад суух шинэ Элчин сайд томилогдон иржээ

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Атул Малхари Готсурве томилогдон иржээ.

Тэрбээр энэ сарын 12-ны өдөр Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээлгэж, өгсөн байна.

Элчин сайд А.М.Готсурве дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, Монгол, Энэтхэгийн хамтарсан төслүүдийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Энэтхэгийн зах зээлд гаргах, Энэтхэгт боловсрол эзэмших монгол оюутан, залуусын тоог өсгөх чиглэлд онцгойлон анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.

Тус улсаас Монголд суугаа М.П.Сингхийн бүрэн эрхийн хугацаа дууссан байна.

Ташрамд дурдахад Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй 1.2 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг барих ажлыг 2018 онд эхлүүлээд байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ