“АЧИТ ИХТ” ХХК-ИЙН МЭДЭГДЭЛ

Монгол Улсын хууль, хяналтын байгууллагыг явцуу сонирхолдоо ашиглаж байгааг эрс эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК нь Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК /хуучнаар/-тай байгуулсан 2010 оны гэрээний дагуу 2011-2014 онд бүтээн байгуулалтаа хийж, 2014 оны 7-р сараас эхлэн Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй, бага агуулгатай, 30 гаруй жил ашиглаагүй байсан холимог хүдрийг боловсруулж, катодын зэс үйлдвэрлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд “Ачит Ихт” ХХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос үүсмэл ордын нөөц ашигласны төлбөрт улсад 33.7 тэрбум төгрөг, нийт дүнгээр  улс, орон нутгийн төсөвт 11 төрлийн татвараар 368.6 тэрбум төгрөгийг төлсөн. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 2015 оны гэрээний дагуу овоолго ашигласны төлбөрт 26.69 тэрбум төгрөгийг төлж, 250 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 

Мөн “Ачит Ихт” ХХК нь үйлдвэрлэл явуулж олсон ашгаасаа нийгмийн сайн сайхны төлөө тогтмол зарцуулж ирсэн бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын таван сургуульд химийн иж бүрэн кабинет тохижуулж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллаж ирсэн. Монгол Улсад анх удаа ажилтнууддаа зориулан Давуу эрхийн хувьцаа гаргасан төдийгүй олон улсын олимпын стандартад нийцсэн “Степпе Арена-Мөсөн өргөө” төслийг санхүүжүүлэн барьж байгуулаад, амжилттай дэмжин ажиллуулж байна.

Сайны хажуугаар саар гэгчийн үлгэрээр, сонгууль бүрийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг ашиглан илтэд худал мэдээллийг гарган, тэрхүү мэдээллийн мөрөөр хууль бусаар хэрэг үүсгэн сөрөг хүчнээ намнах гэсэн явцуу сонирхол сүүлийн 2 сонгууль дамнан явагдаж, “Ачит Ихт” ХХК-ийг бай болгон ашиглаж байна.

“Ачит Ихт” ХХК-ийг 2020 оны сонгуулийг угтан 2019 оны сүүлээр  “Ц.Элбэгдоржийн компани”, “Эрдэнэт үйлдвэрийг цөлмөж байгаа” гэх гүтгэлгийн нэвтрүүлэг гарсны дараахан Авлигатай тэмцэх газраас иж бүрэн шалгалт орж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ямар нэгэн хамааралгүй гэдгийг албан ёсоор тогтоосон билээ. Мөн манай компанийн зүгээс “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь тус компанийн хувь эзэмшил болон үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, оролцоогүй болох”-ыг удаа дараа олон нийтэд мэдэгдэж байсан.

 Гэтэл 2024 оны сонгуулийг угтан тодорхой хаяггүй “Vision Mongolia” гэх цахим хуудсаар 2024 оны 04-р сарын 04-ний өдрөөс “Ард түмний мэдэлд байх ёстой Ачит Ихт үйлдвэрийг Элбэгдорж, Цагаан хоёр булаан авч...” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг төлбөртэй тараасны араас Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт орж ирлээ.

Лондоны металл биржийн гишүүн “Ачит Ихт” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд Олон улсын аудитын байгууллагаар санхүү, татварын баталгаажуулалтыг жил бүр хийлгэж, татварын хяналт шалгалтад тухай бүр хамрагдан зөрчилгүй ажиллаж ирсэн. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компанийг нэг асуудлаар дахин дахин шалгаж байгааг холбогдох байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд явцуу сонирхолд ашиглагдаж байна гэж үзэж байна.

Хууль бус явуургүй ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна.

Ардчилсан төрийн бодлого, хууль дээдлэх үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан, хуулийн үндэслэл бүхий нотолгоонд суурилан үнэн зөвийг тогтоож, Ардчилсан Үндсэн хуулийн тулгуур зарчмуудыг дээдлэн ажиллана гэдэгт итгэж байна.

 

2024.04.12

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Irgen (127.0.0.1)
    Elbegdorjiin humuus shalgasan bhr itgehgui l de, ho. Ner mini tsagaan, mor mini tsagaan gd neg hun yariad baisan uu, kkk. Yadargaatai teneg humuus holuur baigaadai gej
    2024 оны 04 сарын 12 | Хариулах