Дүнжингаравын дэлбэрэлтийн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт бүгд гарчээ

УОК-оос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас галд өртсөн барилгуудын дүгнэлтийн талаар мэдээлэл өгөв.

Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "УОК-оос тухайн дэлбэрэлтэд өртсөн барилгуудын төлөв байдлын дүгнэлтийг гаргах үүргийг БХБ-ын сайдад өгсөн.

Энэ дагуу тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, дөрвөн барилгад хийсэн дүгнэлтээ танилцуулсан юм. Эдгээр дүгнэлтийг албажуулан УОК-т ирүүлж байгаа.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалал, Зам, Тээврийн Хөгжил, Уул Уурхай, Хүнд Үйлдвэр зэрэг гурван яамны сайдын хамтарсан ажлын хэсэг "Дашваанжил" компанид хөдөлмөрийн аюулгүй байдалд шалгалт хийж, танилцуулсан.

Миний бие ахалсан ажлын хэсэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй газрын тосны агуулах, ШТС, тээврийн хэрэгслүүдэд хянал шалгалт хийж, дүгнэлтээ танилцуулсан билээ. Эдгээр дүгнэлтүүдийг УОК-т танилцуулж, дараагийн шийдвэрүүд гарна.

Хийн дэлбэрэлтийн шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас бидэнд өгсөн мэдээллээр мэргэжлийн байгууллагуудаас бүх дүгнэлтийг гаргасан байна. Хохирлын үнэлгээ зэрэг зүйлүүдийг нарийвчлан тодруулах зүйл бий гэсэн. Буруутай этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээр эцэслэн тогтооно" гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ