ДУНДГОВИЙН Б.ПҮРЭВДАШ ЗААН АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ
Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 576 бөх уран мэх авхаалж самбаа сорин барилдсанаас Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Бямбаагийн Пүрэвдаш анх удаагаа түрүүлж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй, өргөөний сумын цолтнуудын барилдаанд хоёр түрүүлсэн заан Мөнхбаярын Баасанжав хоёр дахь удаагаа үзүүрлэв.
Гуравт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Хангалын бор овоо” ХХК-ийн бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү үлдсэн бол тавд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Алтай сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Ц.Сумъяабазар нар шалгарлаа.
Есөд Дорноговийн сумын заан Б.Мөнх-Эрдэнэ, Хэнтийн сумын заан О.Ихбаяр, Ховдын сумын заан О.Чадалбат, Архангайн сумын заан О.Доржсамбуу нар үлдэв.
Тус барилдаанд ӨМӨЗО-ны залуу бөх Б.Содномжамц анх удаагаа тав даван шөвгөрлөө. Тэрбээр нэгийн даваанд Архангайн заан С.Бат-Эрдэнэ, хоёрт Хэнтийн заан С.Эрхэмбаярыг, гуравт Баянхонгорын заан Э.Совджамцыг, дөрөвт Өвөрхангайн заан Н.Бат-Эрдэнийг, тавд Баян-Өлгийн заан Х.Гасырбекийг давж шөвгөрөөд зургаад Ховдын Ц.Сумъяабазар заанд өвдөг шороодлоо. Өмнөх буюу гуравдугаар сарын барилдаанд Б.Содномжамц мөн дөрөв даван шөвгийн даваанд гарч барилдсан юм. Энэ нь Өвөрмонгол бөхчүүдээс Монгол бөхийн өргөөний сумын цолтны барилдаанд хүртсэн анхны шөвөг ажээ. Түүнд сумын цолтнуудын барилдаан бүрд олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал”, Ховд аймгийн Мөст сумын заан О.Чадалбатад “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн хорхойтон, бизнес эрхлэгч Б.Баатархүү тус тус гардуулсан юм.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ