С.Амарсайхан, Б.Энхбаяр, Т.Сүхболд, Г.Ариунбуян нар огцрох болзлоо хангалаа
Хүн амьд явах эрхтэй... Монгол Улсын Үндсэн хуульд ийм заалт бий. Гэвч Монгол Улсад хүн амьд явах, амьсгалах, гудамжаар явах “эрхгүй” болжээ. Монголчууд эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх ч үгүй болоод бас удаж байна. Хүмүүс өглөө бүр, өдөр болгон, цаг, хором тутамд хүмүүс олноор угаартаж амиа алдсан тухай мэдээг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнээс олж уншдаг болов. Нэгээрээ биш, бүр арвуулаа байж байгаад нэг дор угаартаж амиа алдацгаасан тухай! Дуулианаас дуулианы хооронд энэ тухай арайхийж мартаж байтал хэн нэгэн хариуцлагагүй иргэн орон сууцны 15 давхраас сандал шидэж байгаа тухай бичлэг олон нийтийн сүлжээнд ил болно. Дүнжингарав худалдааны төв орчимд өнгөрсөн нэгдүгээр сард газын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан гурван залуугийн мэдээлэл эхлээд олны сонорт хүрсэн. Тэд гал унтраахаар очсон ОБЕГ-ын албан хаагчид байв. Газ дэлбэрч байх үеийн аймшигт бичлэгүүдийг оршин суугчид цахим ертөнцөөр түгээж, амиа алдсан гурван иргэнээс гадна тэр хавьд явган, машинтайгаа зорчиж байсан жирийн иргэд дэлбэрэлтэд өртөж амиа алдсан мэдээ ар араасаа цуварсан “Аймаар” өдрүүд. Ард иргэд хариуцлага нэхэж тэсрэхээс айсан эрх баригчид тэр даруй “гал” унтраах арга хэмжээ авч, орон сууц нь шатсан оршин суугчдад байр түрээслэх мөнгө өгөхөө мэдэгдэв. Найзуудаа гэрт нь хүргэж өгөх замдаа, бас сантехникийн дуудлагаар айлд оччихоод гэр рүүгээ буцахдаа газын дэлбэрэлтэд өртөж эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд Засгийн газраас тус бүр 10 сая төгрөг өгсөн талаар ар гэрийнхэн нь сэтгүүлчдэд ярьжээ. Эрх баригчид ийнхүү хүний амийг 10-хан сая төгрөгөөр үнэлсэн нь хохирогчдын ярианаас ил болов. Харин хэнд ч хариуцлага тооцсонгүй. Дуулианаас дуулианд дөжирсөн ард иргэд ч энэ тухай шахаж шаардах нь багасаж байна. Харин өнөөдөр 2024 оны дөрөвдүгээр сарын 08. Чингэлтэй дүүрэг дэх “Миний дэлгүүр”-ийн салбарт гарсан гал түймрийн үеэр ОБЕГ-ын Аврах аравдугаар ангийн албан хаагч амиа алджээ. “Ажил үүргээ гүйцэтгэж яваад...”! ОБЕГ-ын аврагчид ийнхүү ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан мэдээлэл ар араасаа хөврөх хооронд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хариуцсан салбарт хүчирхийллийн хэргүүд гаарлаа. Сэлэнгийн цагдаа нар хүчирхийллийн хэрэгт холбогдож саатуулагдлаа, хуягласан машинаар хүмүүсийг шүүх рүү хүргэх замдаа зодсон хүмүүс нь бас л цагдаа нар… Гэхмэтчилэн энэ улсад “Жандармын дэглэм” тогтож, эрүүгийн ертөнц нь цагдаа нарын үйлдсэн гэмт хэргүүдээр дүүрлээ. Энэ бол аймгийн Цагдаагийн газрын даргад хариуцлага тооцох нэрийдлээр нийслэлд авчирч албан тушаал сэлгээд дуусчих асуудал огт биш. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ЦЕГ-ын дарга Т.Сүхболдтой хамт хариуцлага хүлээж огцрох болзлоо хангасан хэрэг. Гэвч “Дан дээл”-тэй гишүүн байхдаа хотын мэр асан Д.Сумъяабазарын фракцид багтаж, Х.Нямбаатараас Хууль зүй, дотоод хэргийн сайдын тамгыг гардаж авсан Б.Энхбаяр гадаад томилолт ихтэй, тойргоо тойглох ажилтай, нэр дэвшихээр горилж огцрох ч “завгүй” яваа бололтой.
ОБЕГ. Онцгойн дарга нар онцгой их төсөв батлуулдаг атлаа салбар нь өөдөлдөггүй шалтгаан юу вэ. Авлига уу! Тэр жил “Ми-8” осолдож, ажил үүргээ гүйцэтгэж явсан олон залуус Сэлэнгэд амиа алдсан. Тэгэхэд “Аврагчид хувцас хунар, хангамж, техник хэрэгсэл муутай” гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарч байв. Олон айлын хоймор эзгүйрсэн эмгэнэлт явдлаас хойш хэдэн жил өнгөрөв. ОБЕГ-ын “Онцгой их гачигдалтай” гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өгч хариуцлагаас бултдаг нь одоо ч яг хэвээрээ. Гэвч бодит байдал дээр тийм биш аж. Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн нэгдүгээр сард “”Шадар сайдын харьяанд байдаг ОБЕГ-ын 2023 оны төсөв 212 тэрбум төгрөг байсан. 2024 онд 426 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Үүнээс урсгал зардал нь 2023 онд 156 тэрбум төгрөг, 2024 онд 216 тэрбум төгрөг болсон. Бусад сайд нарын төсвөөс хамгийн өндөр хувиар нэмэгдсэн гэсэн үг. ОБЕГ 2024 онд 21.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах боломжтой” гэж мэдэгдэж байв. Г.Ариунбуян гэдэг генералын даргалдаг ОБЕГ-т зөвхөн 2023, 2024 онд л ийм их хэмжээний төсөв хуваарилаагүй нь тодорхой. “Хэдэн тэрбумаар тоологдох төсөв, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүд, элдэв тусламжийн шугамаар орж ирдэг хөрөнгө мөнгө, техник хэрэгслийг яг юунд зарцуулдаг вэ” гэсэн асуулт энд гарч ирнэ. “Генералын мөрдэсээр гоёсон Г.Ариунбуян энэ байгууллагыг удирдах мэргэжлийн боловсон хүчин мөн үү” гэдэг асуудлыг ч хөндөх хэрэгтэй цаг. Гавьяагүй энэ генерал ОБЕГ-ыг удирдах үед ардын хүүхдүүд ажлаа хийж яваад амиа алдсаар байх уу, Шадар сайд аа. Аврах ангийн ажилтнууд ар араасаа амиа алдсаар байхад Шадар сайд С.Амарсайхан, Г.Ариунбуян нар огцрох ёстой бус уу. Гай дагуулсан эрх мэдэлтэй энэ хоёртой хамт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ЦЕГ-ын дарга Т.Сүхболдтойгоо цуг огцроод өгчих хангалттай хугацаа өнгөрлөө. “Огцроод өгөөч” гэж гуйлгах гээд байна шүү, тэд. Сайд Б.Энхбаяр тойрогт нь Дүнжингаравын гэх тодотголтой асуудал дэгдсэнээс болсон уу Баянзүрх дүүргээс дайжиж Дорнод аймагт нэр дэвшихээр зэхэж буй тухай мэдээлэл ч гарчээ. Угтаа ярьдаг шигээ, твиттерт жиргэдэг шигээ шударга ёс, хариуцлагыг өөрөөсөө нэхэх цаг ирсэн бус уу, Б.Энхбаяр сайд аа. Ц.Нямдоржтой халз тулдаг зориг зүрхтэй, шударга үгтэй, зарчимтай Б.Энхбаяр хэвээрээ байгаа бол яг одоо огцор.
Д.Амар
Эх сурвалж:http://www.analiz.mn/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД