Харьяалах бүртгэлийн байгууллагадаа бүртгүүлээгүй ломбардууд цаашид ажиллах боломжгүй

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29.2-т “Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор харьяалах бүртгэх байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан.

Шилжилтийн үеийн энэ зохицуулалт ирэх сарын 01-ний өдрөөр дуусгавар болно. Иймд эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгч буюу ломбардууд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс хамааран харьяа бүртгэх байгууллагад шуурхай бүртгүүлэх шаардлагатай.

Дээр дурдсан хугацаанд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй бол цаашид барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэх эрхгүй. Бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, бүртгүүлээгүй этгээд нэрэндээ “барьцаалан зээлдүүлэх газар”, “зээлийн үйлчилгээ” гэсэн тэмдэглэгээ, эсхүл түүнтэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэсэн, зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа явуулсан бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргаж, зөрчил тус бүрд мөнгөн торгуулийн шийтгэл хүлээнэ.

Мөн зээлдэгчээс зээлийн хүү авах эрхээ алдах нөхцөл бүрдэхийг анхаарна уу гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ