УОК: Малын хорогдлоор Сүхбаатар аймаг тэргүүлж байна

Улсын онцгой комиссоос өдөр бүр зудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа. Өнөөдөр /2024.02.27/ зудын эрсдэлтэй аймаг сумд болон малчдад тусламж өгсөн хүмүүст УОК-ын зүгээс талархал илэрхийллээ.  


УОК-ын Нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ мэдээлэхдээ "Улсын онцгой комисст хандив тусламж хүргүүлж байгаа нийт иргэдэд талархал илэрхийлье. Бид цугласан бэлэн мөнгө болон бараа, материалыг нэн шаардлагатай айл өрхүүдэд хүргэх ажлыг яаралтай зохион байгуулахаар ажиллаж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар холбогдох тооцоо судалгаа болон аймаг, орон нутагт ажилласан ажлын хэсгийн тайланг танилцуулна. Үүний дараагаар дахин холбогдох зохицуулалтыг хийнэ" гэв.

ТЭЖЭЭЛИЙН УЛААНБУУДАЙГ ЦАГААН ЗУДТАЙ АЙМГУУДАД ТАРААЖ БАЙНА

-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.ГАНХӨЛӨГ:

-Өвөл, хаврын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор шуурхай өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж ажиллаж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ дээр нийт долоон чиглэлийн баг гарч, орон нутагт бүтэн ажиллаад ирлээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд болох яамны мэргэжилтнүүд, малын эмч нар зэрэг бүрэн бүрэлдэхүүнээр өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад ажилласан.

Ажлын хэсгүүд долоо хоног ажиллаж, дүгнэлтүүдээ гаргасан. Нөхцөл байдал огт сайжраагүй байна.

Нэгдүгээрт, улсын нөөц болон аймаг, орон нутгийн нөөцийг өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Хоёрдугаарт, ХХААХҮЯ-ны санаачилгаар хөдөө аж ахуйн корпораци дээр худалдан авч нөөцөлсөн тэжээлийн улаанбуудайг мөсөн болон цагаан зудтай сумдуудад хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Нийт 14 аймгийн мөсөн зудтай 100 гаруй сумдад тэжээлийн улаанбуудайг олгож эхэллээ. Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь, Завхан, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг есөн аймаг гэрээгээ хийгээд улаанбуудайн татан авалтаа эхлүүлсэн.

Малын хорогдлын мэдээллийг бид гурав хоног тутамд шинэчилж байгаа. Зудын эрсдэл өндөр байгаа аймаг сумдын малчдын хоёр сая 136 мянган тоо толгой мал зүй бусаар хорогдсон.

Малын хорогдлоор тэргүүлж буй таван аймаг байна. Сүхбаатар аймагт 713 мянга, Хэнтийд 302 мянга, Дорноговь аймагт 231 мянга, Төв аймаг 178 мянга, Архангай аймагт 114 мянган мал хорогдож зудын эрсдэл улам хүндэрч байна. Мал нь олон тоогоор хорогдсон малчдыг дахин малжуулах арга хэмжээ авна.

ХОРОГДСОН МАЛ, АМЬТНЫ ХҮҮР, СЭГ ЗЭМИЙГ ХУУЛИЙН ДАГУУ УСТГАНА

-Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.ТУНГАЛАГ:

-Малын сэг зэмийн устгалыг мэргэжлийн байгууллагаас онцгой анхаарч зохион байгуулж байна. Хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг хуулийн дагуу устгана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ