Хамба Д.Жавзандорж маргааш НЭГ ӨДРИЙН САХИЛ ХҮРТЭЭНЭ
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан Д.Жавзандорж маргааш буюу хаврын тэргүүн сарын шинийн 15-нд сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээхээр болжээ. Энэхүү Тэгчэн сожон буюу сахил хүртээх айлдвар нь Гандантэгчэнлин хийдийн Бурханы шашны дээд сургуулийн хурлын зааланд өглөө 07 цагт эхлэнэ.
Аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожон буюу нэг өдрийн сахил авах ёс юм. Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай төвөд үг юм. Энэхүү сожин сахилыг сар бүрийн билгийн тооллын шинийн найман, арван таван, битүүний өдрүүдэд авч сахиваас тус эрдэм үлэмж болохын дээр Бурхан багшийн их дүйчэн өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй билээ.
Сожин сахилыг өмнө нь ёс төгөлдөр багшаас ёсын дагуу хүртэж, сахигдахууныг бүрэн сахисан бол цаашид өглөө эрт гарын алганы зураас харагдах цагт босч, бурхан шүтээн, лам багшийнхаа өмнө гурав мөргөөд сожингийн судраа уншин сүүлд нь гурвантаа мөргөж, уншлага уншин, ам аван сахидаг зан үйл юм. Сожин сахил авах энэ ёс нь эртнээс нааш лам хуварга, болон манай ард түмний дунд өргөн дэлгэрсэн билээ.
Нэг өдрийн сожин сахилын сахих найман зүйл нь:
1. Амьтны амь таслахгүй
2. Хулгай хийхгүй
3. Эр эмийн үйл үйлдэхгүй
4. Худал ярихгүй
5. Архи уухгүй
6. Өндөр сандал, дэвсгэрт суухгүй, хэвтэхгүй
7. Цаг бус буюу үдээс хойш хоол идэхгүй, цагаан хоол идэх
8. Чимэг зүүлт зүүхгүй, бүжиглэж цэнгэхгүй, дуулж хуурдахгүй
Нэг өдрийн сахил авсны ач тус нь: Ёс суртахуунгүй явсны сэтгэлийн зовлон арилах ба ариун сэтгэлээр ном сонсох, яруу сайхан алдар зүг зүгт түгэх, амгалангаар унтах, мөн унтахын цагт тэнгэрсүүд сахих, хилэнц нүглийн хир арилах, дайсан ба хүмүүн бусууд үл хорлох, харин нааш тус хүргэх, хувцас идээ тэргүүтэн төвөггүй олдох, аль тавьсан ерөөл өөрөө бүтэх тэргүүтнийг сударт номложээ.
Мөн чухал хэрэгтэй эд эдлэл, өргөл хүндлэл аяндаа гарах, таньж мэдэхгүй амьтан бүгд ч үзсэн төдийгөөр бишрэх, хөлөөр гишгэсэн шороог тэнгэр нар мөргөн тахиж шүтэх тэргүүтэн тус эрдэм хязгаарлашгүй хэмээн сударт номлосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД