ГССҮТ-ийн эмч нар Дорнод аймагт хүнд өвчтөнд хагалгаа хийгээд буцахдаа хунгарт шигдсэн адууг сүрэгт нь нийлүүлжээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, сувилагч нарын алсын дуудлагын баг өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, олон хавирганы тогтворгүй хугарал болон цээжний хөндийн битүү гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.

Өвчтөний биеийн байдал тогтворжиж, эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж буй бөгөөд алсын дуудлагын баг нийслэл рүү буцах замдаа авто осолд орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлж, хунгар цасанд шигдсэн хоёр адууг гаргаж ижил сүрэгт нь нийлүүлсэн байна.

 

 

Алсын дуудлагын баг бүрэлдэхүүн аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Т.Энхтулга, их эмч Э.Эрдэнэбаяр, Т.Лхагважав, Б.Анхбаяр, мэдээгүйжүүлэгийн эмч Б.Саруултөгс, мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа, мэс заслын сувилагч Б.Мягмарнаран, туслах сувилагч Б.Баасанцэрэн нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Бямбацэцэг, жолооч Д.Энхжаргал нар багийн бүрэлдэхүүнд багтсан байна.

Тус тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө зургаа дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд алсын дуудлагын дагуу нийт 18 аймагт очиж, яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор ажлын байран дээрх сургалт явуулж, үзлэг оношилгоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж буй юм.

 

Эх сурвалж: ГССҮТ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ