Малчид харьяа орон нутгийнхаа банкнуудад хандаж зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах боломжтой

ЗГ-аас малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрсэн.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байв. Иймд Шадар сайд өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, зудын гамшгийн эрсдэлийг бууруулахад банк санхүүгийн салбарынхны дэмжлэг, оролцоо чухал байгааг онцолж, хүнд цаг үед малчдаа дэмжин банкны зээл төлөлтийг нь хойшлуулах тал дээр хамтарч ажиллах талаар ярилцжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хөдөө аж ахуйн салбар 2023 онд уналттай гарсан учраас малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой хүсэлт ирсээр байгаа. Энэ асуудалд Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд ямар зохицуулалт, дэмжлэгийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлаар Төв банк хамтран ажиллахад бэлэн байна” гэж мэдээлсэн.

Монгол банкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байдгаас 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгосон байна.

 

Хаан банкны хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхэлсэн бөгөөд нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой гэв. Төрийн банкны хувьд эхний ээлжинд энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо хэлсэн юм. Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломжтой юм байна.

 

Мөн энэ үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс “Энэ оны 9-10 дугаар сарын хооронд малчдын даатгуулсан малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Энэ оны 3-р улирал хүртэл малчдын зээл төлөлт хойшлогдвол тэр үеэр бид даатгалын нөхөн төлбөр олгож таарах учраас эргээд малчид банкны зээл төлөлтөө хийхээр илүү дөхөм болно” гэв.

 

Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан Монголын нийгэм, эдийн засагт голлох үүрэгтэй мал аж ахуйн салбарыг дэмжиж, монгол түмний дангааршил, ондоошлын эх үндэс болсон уламжлалт өв соёл, зан заншлыг тээгч малчин түмнээ ойлгож, малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар нэгдмэл байр суурьтай байж, зөвшилцөлд хүрсэн банк санхүүгийн салбарынханд талархлаа илэрхийлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ