Нийслэлийн 4 дүүргийн 33 байршилд халиа тошин үүсжээ
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоожээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажиллалаа.
Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Түүнчлэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэлээ.
Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ