ИНЕГ-ын дарга нарын хэргийг давж заалдах шатны шүүх цагаатгав

ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, дэд дарга байсан Б.Алтанцом нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөндолоохоногтшийдвэрлэлээ. Анхан шатны шүүхээс 20 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлээд байсан Л.Бямбасүрэнгийн хоёр өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу дээрх шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн байна. 

Эл хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд хэлэлцээд, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулан удирдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон. Харин дэд даргаар ажиллаж байсан Б.Алтанцомын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан билээ. 

Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал, Л.Бямбасүрэн 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны 134 дүгээр тогтоолоор ИНЕГ-ын даргаар томилогдсоныхоо дараа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан, өдгөө Худалдаа, хөгжлийн банкныхны хэргийн яллагдагч Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлж давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Уг нь салбарын хууль, журамд “ИНЕГ болон түүний харьяа байгууллагад таваас доошгүй жил ажилласан, үндсэн ажилтан байна”, “Урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан болон орон сууцын үнийн хөнгөлөлт эдэлсэн бол хөнгөлөлт олгохгүй” гэх заалтыг зөрчин Д.Ганбатын туслах эмэгтэйд ажлаасаа чөлөөлөгдсөнөөс нь хойш буюу 2017 оны арваннэгдүгээр сард Худалдаа, хөгжлийн банкны дансанд нь 20 сая 70 мянган төгрөг шилжүүлж давуу байдал олгосон байдаг. 

Үүнээс гадна “Ковид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж асан С.Мөнхнасанд бас давуу байдал олгож, 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авсан байхад нь хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, есөн саяыг нь олгосон үйлдэлд буруутгагдсан. Нэр дурдсан гурван шүүгч давж заалдах гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж, Л.Бямбасүрэнгийн үйлдлийг ч цагаатгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ