6 ЖИЛ ХОРИХ ЯЛ СОНССОН Ч, ХОРИГДООГҮЙ БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГИЙН ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХЭЛЭЛЦЭХЭЭР ХҮЛЭЭН АВЧЭЭ

   Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан юм.

           Тодруулбал,тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 7 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байдаг.

           Мөн хэргийн зарим шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын 32, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын 4 хүн Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. 

           Тэгвэл давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоолтой, Хөгжлийн банкны хэрэг гэх тодотголтой хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр дээрх гомдол, эсэргүүцлийг хүлээн авчээ. Товчхондоо, Хөгжлийн банкны хэргээр анхны шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хүмүүст холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр боллоо.

            Сонирхуулахад,  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял оноосон ч, тэрбээр парламентын гишүүнийн бүрэн эрхтэй тул өнөөдрийг хүртэл хорих байгууллагад ял эдлээгүй, сул чөлөөтэй байгаа юм. Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж эхэлнэ гэж буй юм. Харин түүнд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурлын тов одоогоор гараагүй байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ