Б.Махбал буцаж хоригдсоноосоо хойш хамт ял эдэлж буй нэгэн хүний эрүүл мэндэд халджээ

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг хөнөөсөн хэрэгт шийтгүүлэн 11 жилийн хорих ял эдэлж буй Б.Махбалын ялын дэглэмийг чангаруулж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид хүмүүжиж байгаа. Тус хорих ангийн удирдлага Б.Махбалыг засрал хүмүүжлийг олсон гэсэн дүгнэлт бичиж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар хандсаныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн аваад суллах захирамж өнгөрсөн есдүгээр сард гаргаж байв. Тодруулбал, Б.Махбалын эдлээгүй үлдсэн гурван жил нэг сар зургаан хоногийн хорих ялынх нь биеэр эдэлж дуусах хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэсэн. Үүнийг прокурорууд эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад анхан шатны шүүх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хорих ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг Улсын дээд шүүх хэвээр нь баталсан юм. Тэгвэл Б.Махбал буцаж хоригдсоноосоо хойш хамт ял эдэлж буй нэгэн хүний эрүүл мэндэд халдаж, хохирол учруулжээ. Шинжээчид тухайн зодуулсан хүмүүжигчид ямар хэмжээний гэмтэл учирсныг тогтоох дүгнэлтээ хараахан гаргаагүй байгаа аж. Уг дүгнэлтээс шалтгаалж Б.Махбалын хорих ял эдэлж буй дэглэмийг чангаруулж, өөрчлөх асуудлыг шүүх шийдвэрлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ