Францын легионы түрүүч Б.Оюунбат: Францын легионы шүхрийн тусгай ангид хуваарилагдсан анхны монгол легионер гэдгээрээ бахархдаг

 

  Монгол залуус олноороо Францын легионд алба хааж буйг бид мэднэ. Дэлхийн шилдэг армиудын нэг болох легионд алба хаасан түрүүч Б.Оюунбаттай цахимаар ярилцлаа. Тэрээр Францын легионы шүхрийн тусгай ангид хуваарилагдсан анхны монгол легионер юм.

 -Юуны өмнө хүсэлтийг маань хүлээж авсанд баярлалаа.

-Сайн байна уу? Намайг онцолж, ярилцлага авч буй танд бас баярлалаа.

-Та Францын легионд хэдэн жил алба хааж байна вэ? Ямар цолтой билээ?

-Францын легионд анх 2010 онд элсээд, 2019 онд халагдсан. Нийт 9 жил 3 сар алба хаасан даа. Легионы армид алба хааж байхдаа Монголын армийн цолтой дүйцүүлсэн түрүүч байлаа.

-Легион гэдэг маань манайхаар гэрээт албан хаагч гэсэн үг үү?

-Легион (Legion) гэдэг нь эртний Ромоос эхтэй, хайрцаглан жагссан олон цэргийг илэрхийлсэн нэршил буюу орчин цагийн хэлээр "цэрэг арми" гэсэн утгатай үг юм. Одоо цагийн франц хэлээр легион гэдэг нэршил нь Францын армийн нэг хэсэг болох өндөржүүлсэн бэлтгэл сургуулилттай гэрээт цэргүүдийн бүрэлдэхүүнийг нэрлэсэн нэршил юм.

-Ер нь яаж яваад Францын легионд элсчихэв ээ?

-Легионд хэрхэн элссэн тухайгаа дэлгэрэнгүй яривал их урт түүх болох байх. 2006 онд арван жилийн сургуулиа төгсөхөд гэр бүлийн минь төсөв амьжиргаа намайг их, дээд сургуульд суралцахад хүрэхгүй байсан учир ажил хийж, сургалтын төлбөрөө олохоор Чех улсыг зорьсон юм. Тэнд 2008 онд очоод, нэг жил орчим ажиллаж байтал дэлхийн эдийн засгийн хямрал болж, Чех даяар үйлдвэрүүд нь гэрээт гадаад ажилчдаа цомхотгоод, эх орон руу нь буцааж эхэллээ. Тэр үед Европод очоод удаагүй, тавьсан өрөө дөнгөж төлж байсан надад Монголд буцаж очоод, их сургуульд сурах төлбөрийн мөнгө байгаагүй тул буцахад арай л эрт байв. Чехэд ажиллаж байсан монголчууд Европын орнуудад цагаачилж, зарим нь Францын гэрээт цэрэг легионд элссэн дээ. Энэ давалгаагаар би Францын легионд элсэхээр очиж шалгуулаад, тэнцэж орсон юм. Хүүхэд байхаасаа математикийн хичээлд сонирхолтой, шинжлэх ухаанч эсвэл эдийн засагч болно гэж мөрөөдөж явсан намайг хувь тавилан минь хөтөлсөн гэлтэй мэргэжлийн цэргийн салбарт ингэж орсон түүхтэй.

-Шалгуурынх нь талаар яриач...

-Легионд 17-гоос дээш 39 нас 6 сараас доош настай залуусыг элсүүлдэг. Өндөр, намд хэмжээ заадаггүй, элсэгч ямар ч өндөртэй байж болно. Харин биеийн өндөр болон жингийн индекс дунджаар 25-30 кг/мкв байх ёстой. Өөрөөр хэлбэл хэт тарган эсвэл туранхай байж болохгүй. Тодруулбал 170 см элсэгч 68-83 кг байж болно. Харин түүнээс бага юм уу илүү бол жингээ тавигдах шаардлагад тааруулаад ахин шалгуулж болно гэсэн нөхцөлтэйгээр хасагдана. Жингийн индексийг томьёогоор илэрхийлбэл: Жин (өндөр×өндөр) буюу 73 кг÷(1,70м×1,70м)=25,25 кг/м². Эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй заалтууд: -Элэгний А, В, С вирус; -Уушги, зүрх болон дотор эрхтний хэвийн ажиллагаа алдагдсан; -Тулгуур эрхтний гэмтлүүд (өвдөгний сулрал, өвдөгний үений мултрал); -Гар, хөлийн мөчдийн гэмтэлтэй юм уу аль нэг хуруу бүтнээрээ тасарсан; -Тархи, толгойны гэмтэл авч байсан; -Харшилтай, харшил нь хүндэрсэн; -Хорт хавдартай; -Чихрийн шижинтэй; -Сэтгэц мэдрэлийн асуудалтай эсвэл сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг; -Сонсгол муутай; -Сүрьеэ, гепатитүүд, ХДХВ. Эрүүл мэндийн хувьд анхаарах нэмэлт заалтууд: -Өмнө нь мэс засал хийлгэж байсан бол тухайн өвчний талаарх эмнэлгийн тодорхойлолттой байвал сайн (Мэс заслаас үүдэлтэй өвчний үр дагавар байхгүйг баталгаажуулсан); -Хараа муутай бол нүдний шилээ авчрах; -Эрүүл, сайн арчилсан шүдтэй байх. Зажлах коэффициент 40 хувиас илүү буюу тэнцүү байх. Биеийн хүчний шалгуур: -Гүйлт: 2,500 метр зайг 12 минутаас илүүгүй хугацаанд туулах; -Турник: Гар, хөлөө бүрэн буулгасан байрлалаас цэврээр арав суниах; -Усанд сэлэлт: Туслах ямар нэг нэмэлт хэрэгсэлгүйгээр 25 метр сэлдэг байх (хугацаа заадаггүй); Тэсвэр тэвчээрийн шалгуур: 20 метр зайтай хоёр цэгийн хооронд өгсөн хугацаанд дохион дуугаар гүйх бөгөөд дараагийн дохио дуугарахад буцаж гүйнэ. Шат ахих бүрд дохио дуугарах хугацаа ойртож, товлосон цэгт элсэгч амжиж хүрэхийн тулд өмнөхөөс илүү хурдан гүйх ёстой. Дохио хоорондын дунд 2 секундийн амралттай. Эхний өгөгдөх хугацаа 10 секунд, дараа дараагийн шатанд хугацааг 5 долиор хасах зарчмаар гүйлгэж, элсэгчдийн нас насанд нь тохирсон хурд болон тэвчээр гаргах чадварын үнэлгээ өгнө. Хамгийн багадаа 12 дохионд гүйх ёстой. Хамгийн сүүлийн шат 24 байдаг. Оюуны чадамжийн шалгуур: Элсэхийг хүсэгчээр оюуны чадамжийг шалгах IQ сорил бөглүүлнэ. IQ сорил 20 асуулттай бөгөөд 50-иас дээш хувьд нь зөв хариулах ёстой. Тодруулбал дор хаяж 12 асуултад нь. IQ сорил элсэлт бүрд адилгүй нь мэдээж. Голдуу дүрс, зүй тогтлуудын учрыг олох бодлогууд ирнэ. Тэдгээрээс бодож үзэхийг хүсвэл "Test pcychotechnique legion etrangere en PDF" гэсэн түлхүүр үгээр хайж, Google-ээс үнэгүй татаарай

Эдгээр үндсэн шалгуурт тэнцсэн залуус хамгийн сүүлийн чухал шалгуур болох ЯРИЛЦЛАГА-д ордог. Легионы хүний нөөцийн мэргэжилтэн офицертой ярилцах бөгөөд тухайн элсэгчийн ирсэн зорилго, легионоос өмнөх амьдралын нөхцөл байдал, хэв журмын зөрчил гаргаж, цагдаа, шүүхийн бүртгэлд орж байсан эсэх, гэр бүлийн байдал, цаашдаа легионд хийхийг хүсэж буй алба карьер гэх мэтийг асууна. Энэхүү армийг зорин ирж буй хүн бүр зорилго, шалтгаантай. Их хэмжээний орлоготой, хөгжилтэй орны залуус адал явдалд дурласандаа легионыг зорьдог бол шалгуулагчдын дийлэнх болсон буурай хөгжилтэй орнуудын иргэд легионерийн цалин, ирээдүйд Францад хууль ёсоор амьдрах эрх, бичиг баримтын төлөөх боломж хайж ирдэг. Түүнчлэн амьдралдаа алдсан, байр сууриа олж чадахгүй байгаа хүмүүс ч зориг шулуудан, амьдралаа өөрчлөхөөр легионыг зүглэх нь бий. Легионы хүний нөөцийн мэргэжилтний зүгээс тухайн элсэгчийн худал ярьж байгаа эсэх, гэрээт хугацаагаа дуустал тууштай ажиллаж чадах эсэх дээр голлон төвлөрч, Интерпол болон бусад эх сурвалжаас тухайн хүний талаар өгсөн мэдээллийг боломжит түвшинд шалгаж баталгаажуулсны үндсэн дээр элсэлтийн эцсийн дүнг гаргадаг.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?

-Францын легионд эхний гурван жил легионы байлдагчийн шүхрийн тусгай ангид бага оврын автомат бууны галаар салааг хамгаалагч гэсэн үүрэгтэй алба хааж байгаад цол ахиж, тасгийн дарга түрүүч, мөн байлдааны бүсэд шархадсан цэрэгт эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, шархдагсдыг галын бүсээс хэрхэн гаргах арга техник заадаг багшаар ажиллаж байсан. 2019 онд халагдаад, Францад талх, нарийн боов, бялууны тогооч мэргэжил эзэмшсэн.

-Францад легионы анги олон уу? Легионоос өөр цэргийн анги салбар бий болов уу?

-Бүтцийн хувьд легионы арми нь төв штаб, Парис хотын элсэгчдийг хүлээж авах салбар анги, сургалтын анги, зургаан төрлийн байлдааны ангиуд, Францаас алслагдсан хоёр салбар анги гээд нийт 11 цэргийн ангиас бүрдэнэ. Дээр нь Францын хязгаар том хотууд дахь Элсэгчдийг хүлээж авах цэгүүд легионы бүрэлдэхүүнд багтдаг. Франц улс нь легионоос гадна хуурай газрын, тэнгисийн, агаарын гээд армийн үндсэн олон бүрэлдэхүүнтэй.

-Легионд алба хаадаг монголчууд хэр олон бэ?

-Өнөөдрийн байдлаар легионы армид 150 орчим монгол залуу байлдааны болон энгийн ангиудад, удирдах болон гүйцэтгэх албан тушаалууд дээр гэрээгээр алба хааж байгаа бол мөн төдий тооны залуус гэрээт хугацаа нь дуусаж халагдсан гэсэн тоо баримт бий. Дэлхий ертөнц маань глобальчлагдаж буйн бодит жишээ болох олон үндэстний залуус цугласан легионы армид монголчуудаас анх 2002 онд ахлах түрүүч Бүүвэйбаатарын МЭНДСАЙХАН элсэн орж, албаа нэр хүндтэй хашин, олон монгол залууг элсүүлэх үүд хаалгыг нээж өгсөн байдаг юм. Өдгөө бахархалт чамгүй олон монгол залуу легионы эгнээнд нэгдэж, албаа амжилттай хаан, удирдах хариуцлагатай албанд үнэнчээр зүтгэж байна. Легионы явган цэргийн болон уулын ангиудад бага офицер цолтой монгол залуус олноор төрж буй нь монголчуудын маань цэргийн эрдэмд суралцах, хариуцлага хүлээх чадвар дэлхийн шилдэг армиудын нэг болох легионд гологдохгүй харин ч манлайлагчид нь байж чадна гэдгийг баталж байгаа. Монгол легионерууд маань үргэлж холбоо харилцаатай байж, хүний нутагт жаргал зовлонгоо хуваалцдаг зэвсэг нэгт ахан дүүсийн барилдлагатай байдаг юм.

-Легионд хэдэн жил алба хаах боломжтой вэ?

-Тэтгэвэрт гартлаа буюу 21 жил алба хаах боломжтой.

-Яагаад легионы ангийг сонирхов?

-Францын легионд элссэний дараа шинэ элсэгчдийг дөрвөн сар карантинд бэлтгэл хийлгэж, цэргийн эрдэмд сургадаг юм. Энэ хугацаанд тэднийг спорт болон цэргийн эрдэм хэр сурснаар нь өрсөлдүүлж, шалгарсан сайн легионерүүдийг байлдааны тусгай ангиудад илгээдэг. Миний хувьд энэ сургалтыг 50 элсэгчтэй хамт эхлүүлснээс 18 нь шантарч, сургалтын явцад оргох болон саналаараа орхисон юм. Ингээд 32 элсэгчээс долоод жагссан тул легионы хүссэн ангидаа хуваарилагдах эрхтэй болсон доо. Хүүхэд ахуйгаасаа л өндрөөс их айдаг байсан ч өөрийгөө ялахын тулд айдсаа дийлж, шүхэрчин болохоор шийдээд, легионы шүхрийн тусгай ангид хүсэлтээрээ орсон.

-Танай ангид гадаадын цэргүүд олон байсан уу?

-Францын легион нь дэлхийн 180 үндэстнээс бүрдсэн 8,000 орчим албан хаагчтай. Манай салаа гэхэд л 30 легионерийн бүрэлдэхүүнтэй байхад дор хаяж арван төрлийн үндэстнээс бүрдсэн байлаа. Олон үндэстний залуус хамтдаа амьдарч, алба хаан, гэр бүл шиг байх нь дотроо маш өвөрмөц соёл болон ертөнцийг бий болгосон юм шиг санагддаг байлаа.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхъё...

-Легионоос халагдсан болохоор байлдааны бэлэн байдал болон заавал үүрийн 5 цагт сахлаа хусаж, гутлаа тосолно гэсэн шаардлага хэн ч надад тавихгүй байгаа ч өглөө 6 цагт босоод ажилдаа явна. Үдээс хойш гэр бүлтэйгээ хамт ямар нэг зүйл хийх, спортоор хичээллэх цаг өөртөө гаргах гээд аль болох олон зүйлийг төлөвлөж амжуулахыг хичээж байна.

-Адал явдал их тохиолддог уу?

-Легионерийн амьдрал бол энэ дэлхий дээр хаана ч хийх боломжгүй замнал гэж би хувьдаа боддог. Ер нь ажил, аялал, амьдрал бүхий давтагдашгүй адал явдал юм даа. Дэлхийн 180 үндэстний залуустай нэг гэр бүл шиг амьдарч, цэргийн эрдэмд хамтдаа суралцаж, өрсөлдөж, халуун цэгүүдэд цэргийн тусгай ажиллагаануудад бие биеийнхээ нурууг дайсны сумаас хамгаалахаар илгээгдэж, олон сорилт, бэрхшээлийг туулах нь хэдий эрсдэлтэй амьдрал гэлээ ч нөгөө талаараа давтагдашгүй адал явдал юм даа.

-Легионд алба хааснаараа их л бахархдаг биз?

-Мэдээж, хүн бүр өөртөө итгэлтэй амьдарч, хийж буй ажил, эзэмшсэн мэргэжилдээ амжилт гаргахын тулд өөрөөрөө бахархах нь зүй ёсны хэрэг юм. Францын легионы легионер гэхээсээ илүү Францын легионы шүхрийн тусгай ангид хуваарилагдсан анхны монгол легионер гэдгээрээ, мөн Францын легионы 180 үндэстний залуусын дунд Монгол улсынхаа нэрийг сэвтээлгүй, өнөөдрийг хүртэл нэр хүндтэй авч яваагаараа бахархдаг юм.

-Хүмүүс та нарын цалин хөлсийг их сонирхдог юм билээ...

-Легионерийн цалин Францын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 1,400 евро байдаг. Хоёр жилд нэг удаа хилийн чанадад дөрвөн сараар ажиллагаанд илгээгдэнэ. Энэ хугацаанд цалин 2,800-3,000 орчим евро болж нэмэгдэнэ.

-Та энхийг сахиулахаар олон явсан уу?

-Би есөн жил алба хаахдаа дөрвөн сараар гурван удаа хилийн чанадад илгээгдсэн. Легионы арми нь 2013 оноос хойш албан хаагчдаа тогтмол Африкийн Мали, Чад, Нигерийн алан хядагчдын "Боко Харам" бүлэглэлийн хорлон сүйтгэх ажиллагаануудад зовж буй ард иргэдийг хамгаалах цэргийн үйл ажиллагаанд илгээж байгаа юм.

-Африкийн халуун орнуудад алба хаах хэцүү биз?

-Сэрүүн өндөрлөг орны монгол хүнд Африкийн цөлийн халуун тийм ч таатай байдаггүй. Халуун, хүйтэнд хурдан дасан зохицдог давуу тал монгол хүнд бий. Африкэд болгоомжлох ёстой, аюултай зүйл бол шумуулаар дамждаг халдварт өвчин. Тусвал айхтар халуурч, хүндээр өвдөнө. Бусад нь байгалийн шалгарал бас сурсан ажлаа хариуцлагатай сайн хийхэд л болчихно. Өөрөөр хэлбэл бусад нь хэцүү зүйл биш ээ.

-Амиа золиослогчидтой таарч байв уу?

-Африк руу ажиллагаануудад бид сонор сэрэмжийн хувьд маш өндөржүүлсэн бэлэн байдалд явдаг. Азаар бидэн рүү амиа золиослогч ирсэн тохиолдол үгүй. Тэд заавал дайсны төрхөөр биш хүүхэд, жирэмсэн эмэгтэй хэн ч байж болох тул ажиллагааны явцад бүхий л харуул хамгаалалт, эргүүлийн үед сэтгэл хөдлөлгүй, мэргэжлийн түвшинд ажиллах ёстой. Эс бөгөөс өөрийн болон нөхдийнхөө амийг алдах өндөр эрсдэлтэй байдаг. Хуягт машинаар эргүүл хийж байх замд газар суурилуулсан тэсрэх бөмбөг гэж дайсан бий. Ер нь алхам бүрд эрсдэл байх магадлалтай тул сонор сэрэмжтэй байж, бататгаж шалгах ёстой. Эдгээр бүс нутагт амьдарч буй энгийн номхон ард иргэдийн нүдэнд айдас, зовлон цөхрөл, уйтгар гуниг шингээстэй харагдах нь тал нутгийн диваажинд төрж өссөн монгол хүн надад их л хэцүү, нүд халтирам санагдаж байсан даа.

-Халуун газар хоол, ундаа яаж зохицуулах вэ?

-Африкийн ажиллагааны үед цэргүүд өдөр бүрийн зарцуулах илчлэгийн хэмжээнд тохируулж тусгайлан бэлтгэсэн сэт консерв хоол, савласан ус хэрэглэдэг. Хэдий органик хоол шиг тэжээл витаминтай биш ч гэлээ тухайн бүс нутгийн гарал үүсэл, нян бактерийн шинжилгээгүй хүнс хэрэглэж хордох аюулаас хамгаалдаг. Тэгээд ч хэдэн сараар цөлийн халуунд эргүүл хийж яваа цэргүүдэд органик хүнс хадгалах нөхцөл байдаггүй.

 

-Та "Монгол легионерийн өчил" ном бичсэн...

-Францын легионоос 2019 онд халагдсаны дараа тэмдэглэл хөтөлсөн дэвтрээ ном болгохоор шийдээд, "Монгол легионерийн өчил" гэж ном бичсэн. Олон монгол залуу Францын легионы гэрээт цэрэгт элсэхийг хүсэж, элсэлтийнх нь талаар мэдээлэл хайдаг ч монгол хэл дээр цэгцтэй, үнэн бодит мэдээлэл өгдөг суваг байдаггүй юм. Танилууд, найз нөхдөөр маань дамжуулж, маш олон залуу надтай холбогдож, легионы талаар асуудаг л даа. Хүн болгонд дэлгэрэнгүй тайлбар өгөхөд маш их цаг зав ордог учир энэ асуудлыг цэгцлэн, намтар ном болгож гаргая гэж зориод, ном бичсэн. Номоороо легионы армийн тухай мэдээлэл өгөхийн сацуу хувь хүний намтар төрлөөр бичсэн ном болохоор цэрэг армид яваагүй эгэл жирийн хөвгүүд, охид, бүхий л хувь хүний хөгжилд гэр бүл, сургуульд заадаггүй зөвхөн цэрэг армиас сурдаг, амжилттай, сайхан амьдрахад чухал олон чадварын талаар хуваалцахыг хүссэн юм. Францын легионд олон үндэстний залуусын дунд өөрийгөө үнэлж, дүгнэж, давуу болон сул талаа ойлгож мэдсэн түүх, хүнд бэлтгэл сургуулилттай олон сорил дунд айдастайгаа нүүр тулж, сэтгэл зүйгээ хянаж сурсан жишээ, үхэл ба амьдрал, амжилт ба уналт нь нэг зүйлийн хоёр тал гэдгийг ойлгосон бяцхан туршлагаасаа хуваалцсан хэрэг л дээ. Миний алдааг битгий давтаасай гэсэн үүднээс номдоо түүхээ зөвхөн сайн талаас нь харуулахыг зориогүй. Учир нь легионы армийн хатуу дэг журам, амь сөрсөн урт хугацааны цэргийн ажиллагаанууд, гэрээт хугацааны гэр бүл, эх орноосоо алсад энгийн амьдралаас хязгаарлагдмал байдалд сэтгэл зүйн хямралаа даван туулах явцад архи, тамхи, биеэ үнэлэгч гэх мэт уршигт муу зүйлд автаж явсан, дараа нь хэрхэн ухаарч, өөрийгөө татан авч буй түүхүүдийг хөгжилтэй, сургамжтайгаар бичсэн маань өдөр бүр уншигчдаас талархлын захиа болон ирсээр байна. Энэхүү ном ашгийн бус бөгөөд орлогыг нь Монголынхоо ирээдүй болсон өсвөр насны хөвгүүдийн тэсвэр, хатуужил, бие бялдрын хөгжилд хөтлөхөд чиглэсэн сургалт явуулах хөтөлбөр хэрэгжүүлэх үйлсэд зориулна.

-Нутагтаа хамгийн сүүлд хэзээ ирэв? Нутгаа, гэрийнхнээ их санана биз?

-Халагдсанаас хойш бараг жил бүрийн зун гэр бүлээрээ эх орондоо очдог болсон. Ноднин зун 15 дахиа Монголдоо очлоо. Монгол дахь гэр бүлээсээ хол байсан цаг хугацаагаа нөхөж, аль болох хамт байхыг хичээж байна. Дэлхийгээр асгасан шагай шиг тарсан монгол хүн бүр надтай адил эх орноо, гэр бүлээ, найз нөхдөө үргэлж санаж, бэтгэрч байдаг биз ээ.

-Таны хувийн амьдралыг сонирхож болох уу?

-Төв аймгийн Баянчандмань суманд 1988 онд төрсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын дундах хүү. Эхнэр, хоёр хүүхдийн хамт Франц улсад амьдран, тогооч мэргэжлээр ажиллаж байна. Тогоочийн үндсэн ажлынхаа хажуугаар ном зохиол бичиж, Францын легионы ахмад дайчдын холбооны Монгол дахь салбарын нарийн бичгийн даргаар ажилладаг.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Ш.Эрдэнэтөр

No description available.

No description available.

No description available.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    багш Б.Туяа (66.181.161.69)
    шавьдаа өолон гэр бүлд нь хамгийн сайн схныг хүсэн ерөөе! ном автя
    2024 оны 01 сарын 30 | Хариулах