Байр нь шатсан иргэд хохирлыг яаралтай барагдуулахыг хүслээ
Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, 60 айлын орон сууц шатсан. Өнөөдөр байрны оршин суугчид мэдээлэл хийлээ.
Тус байрны оршин суугчдыг нүүлгэж, түр хугацаанд зочид буудалд байршуулж, төрөөс зардлыг нь төлж байгаа юм. Засгийн газрын шатсан орон сууцыг яаралтай засварлах ажлыг эхлүүлсэн бөгөөд цагаан сараас өмнө амжиж дуусгахаар төлөвлөжээ.
Оршин суугчдын төлөөлөл “Байрныхаа хохирлын талаар яръя. БЗД-ийн 26 дугаар хороонд нэр дэвшсэн гурван гишүүн өнөөдрийг хүртэл бидэнтэй уулзаж, санал бодол сонсоогүй, хариуцлагагүй байна. Орон сууцаа гамшгийн байдалд оруулчихсан 63 айл сэтгэлзүйн байдлаараа, өрхийн орлогоороо хохирсон. Өвлийн хүйтэнд орон гэргүй болсон. Удахгүй болох Цагаан сарыг тэмдэглэх ямар ч нөхцөл боломжгүй болж баярын уур амьсгал байхгүй болсон. Үүнээс гадна өөрсдийнхөө өмч хөрөнгөөр хохирсон гэдэг нь чухал. Байрыг ашиглаж болох эсэх дүгнэлт яаж гарах нь эргэлзээтэй. Миний хувьд нэг давхарт орчин суудаг. Галын машин урагшаа орох боломжгүй байсан тул манай байрны урд талын айл бүгд шатсан. 10 давхрын айлыг дөрвөн цаг шатаж дуусахыг нь харж зогссон” гэв.
207 дугаар байрны дөрвөн давхрын оршин суугч “Манайхаас юм үлдээгүй. Бид их ам аймшигтай юмнаас гарсан. Даралт тогтохгүй л байна.
Би барилгын мэргэжлийн хүн байгаа юм. Галаас манай байрны хөгшин залуу гэлтгүй бүх хүн сайн гарч чадсан. Бас тэргэнцэртэй хүнийг өргөөд гаргасан. Хүч ордог юм билээ. Нэг хүүхэд бид хоёрыг байран дотроо байхад хоёр удаа тэсэрсэн. Хөл нүцгэн байсан болохоор "өвөө нь гутлаа авчихъя, гарч ирэхгүй бол мөлхөөд ирээрэй" гэсэн чинь мөлхөөд ирсэн. Хүү байна гэж бодсон чинь охин байна лээ. Манай барилгыг барьсан хүмүүст хэлэхэд гал дотор гарахад хэрэглэх шаланк бүгд байгаагүй шүү. Онцгой байдлынхандаа баярлалаа” гэв.
Мөн оршин суугчид хохирлыг барагдуулах мөрдөн байцаалтын ажил уялдаа холбоо тааруу байна гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ